Лос Анжелес хотын цагдаагийн газраас хууль бусаар галт зэвсэг үйлдвэрлэж худалдааж байгаа сэжигтнийг мөрдөн шалгаж баривчилгаа явуулсан байна. Ингэхэд сэжигтний Холмби Хиллс дэх гэрээс 1,000 гаруй буу олж илрүүлжээ.
Хотын цагдаагийн газартай Согтууруулах ундаа, тамхи, галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй тэмцэх товчоо хамтран ажилласан байна. Хориотой зэвсгийг их хэмжээгээр агуулж байсан эрэгтэйг баривчлан саатуулжээ.
Сэжигтний гэрийн гадна хураасан зэвсэг гар буунаас эхлээд винтов хүртэл төрөл бүрийн галт зэвсэг багтсан байна. Их хэмжээний зэвсгээс гадна буу үйлдвэрлэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл олдсон гэж цагдаагийн газраас мэдэгджээ.
Лос Анжелесын цагдаа нар 2015 онд үл таних этгээдийн гэрээс 1,200 буу, долоон тонн зэвсгийн нөөц, 230,000 ам.доллар илрүүлж байсан юм. Тэдгээрийг эзэмшигч нь машиныхаа хажууд нас барсан байдалтай олдож байжээ.
Эх сурвалж: www.cnn.com