УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг улираах, шинээр томилох талаар хэлэлцлээ.
Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг гишүүнийг улираан, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн гишүүнийг мөн улираан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун нарыг шинээр томилох саналыг УИХ дахь МАН-ын бүлэг болон, тус тусын Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Томилохтой холбоотой УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар санал гаргаж, үг хэллээ. Үг хэлсний дараа
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Байнгын хорооны даргаар томилогдох гэж байгаа Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нар Д.Лүндээжанцан гишүүний үгийг сонсов уу? Утсаар яриад байх юм гэж зэмлэж байлаа.
Ингээд санал хураахад Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг гишүүнийг улираан, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн гишүүнийг улираан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун нарыг шинээр томилохыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ.