УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барьсантай холбогдуулж, УИХ-ын Тѳрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерѳнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн билээ. УИХ-ын Тамгын газрын енбд-д УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Ѳлзийсайхан нэр дэвшсэн ба УИХ-ын Тѳрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг дэмжсэн.
Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.
Тэрбээр, 1998-2002 онд МУБИС, 2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд ШЕЗ-ийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 онд ЗГХЭГ-т газрын даргаар тус тус ажиллаж байсан. Энэ оноос УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн томилгоог хэлэлцэх өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр "Л.Өлзийсайхан нь хууль, эрх зүйн салбарт 21 жил ажиллаж байгаа, үүнээс УИХ-ын Тамгын газарт найм дахь жилдээ ажиллаж байгаа" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг танилцуулж хэллээ.
Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохтой холбоотой хэд хэдэн УИХ-ын гишүүн үг хэлснээс УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболд:
-Ц.Цолмон дарга өөрийн хүсэлтээ ажлаа өгч байгаа юм байна. Ц.Цолмон есөн жил Тамгын газарт ажилласан. Албан тушаалыг доороос нь хашсан, мэргэшсэн хуульч хүн. УИХ-ын дарга Г.Занданшатар таны санаачилсан Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг УИХ дээр зохион байгуулж, олон үнэтэй саналыг хуримтлуулсан. УИХ-ын дэгийг сайн сахиулж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулж чадсан. УИХ-ын Тамгын газрын албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах дээр санаачилгатай сайн ажилласан гэж үздэг. Энэ хүнийг хэн нэгнийг дагасан, хар бүү будаарай гэж энэ үгийг хэлж байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Энхболдын хэлсэн үгтэй Г.Тэмүүлэн, С.Бямбацогт санал нийлж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Ц.Цолмонд хувийн ашиг сонирхол байгаагүй. Миний дор ажиллаж байсан. Ямар ч асуудал гаргаж байгаагүй. Анх удаа эмэгтэй хүн томилогдох гэж байна. УИХ-ын 76 гишүүний ая эвийг олоход хэцүү шүү. Сайн ажиллаж чадна гэж үзэж байна.
Санал хураахад УИХ-ын гишүүдийн 88.2 хувийн саналаар Л.Өлзийсайханыг дэмжсэнээр УИХ-ын Тамгын газрын Ерѳнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо. Ийнхүү анх удаа эмэгтэй хүн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байгаа юм.