УИХ-аас энэ оны төсөвт төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2501 төгрөг байна гэж тооцон баталсан ч өчигдрийн хаалтын ханшаар 2524 төгрөг болж, арилжааны банкууд 2543-аар зарж эхлээд байгаа юм. Ам.долларын ханш өнгөрсөн сард 2464.12 төгрөг болж, жилийн хугацаанд 0.8 хувиар өссөн талаар статистикийн хорооноос мэдээлсэн бол Монголбанк энэ сард оны эхнээс 3.9 хувиар өссөн гэдэг дүн танилцуулав. Монгол Улс хэрэгцээнийхээ 80 хувийг гаднаас ам.доллараар тооцон авдаг учраас валютын ханшийн өсөлт инфляциар дамжин иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Ялангуяа шатахууны үнэд нөлөөлсөөр өргөн хэрэглээний барааны үнэ буюу инфляцыг хөөрөгдөх магадлалтай. Улмаар валютын ханшийн өсөлт хаашаа чиглэхийг олон нийтийн зүгээс чих тавин суух боллоо. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан дараах тайлбарыг өгсөн. Түүний зүгээс энэ удаагийн төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралыг гадаад зах зээлийн нөлөөтэй хэмээн тайлбарлав. Тэрбээр “Ханшийн өөрчлөлт дэлхийн хөгжиж буй олон оронд гарч байна. Аргентин, Турк, Орос, Хятад, Энэтхэг улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Ам.долларын ханш оны эхнээс 3.9 хувиар өсөлтийг дэлхийн даяар явагдаж буй чиг хандлагад нийцэж байгаа дүн гэж үзэж байна. Турк улсад лирийн ханш нэг өдрийн дотор таван хувиар унасан. Үүнтэй харьцуулахад бид ханшаа боломжийн төвшинд тогтвортой барьж чадаж байна гэж үзэх боломжтой. Ханшийн өөрлөлт олон хүчин зүйлээс хамаардаг. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ энэ онд хэд хэдэн удаа нэмлээ. Маргааш (өнөөдөр) Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх эсэх талаар дахин хэлэлцэнэ. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ ирэх 2019 оны эцэс гэхэд 3.25 хувьд хүргэж болзошгүй. АНУ-ын төв банк бодлогын хүү ингэж өсч байгаа учраас хөгжиж буй орнуудын зах зээл дээрээс ам.доллар буцаж татагдах үйл явц дэлхий даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Малайз, Индонез, Энэтхэг, ОХУ, Турк, Аргентин зэрэг улс бодлогын хүүгээ чангаруулсан. Ханшийн өөрчлөлт нөлөөлж буй дараагийн том хүчин зүйл бол их гүрнүүдийн хоорондох худалдааны дайн. Бид хоёр том гүрний дунд оршдог. Хойд хөрш худалдааны хориг арга хэмжээнд орчихсон. Урд хөршийн бараа бүтээдэхүүнд АНУ өндөр татвар тогтоолоо. Хоёр хөршид өрнөж буй үйл явц манай эдийн засагт шууд нөлөөгөө үзүүлж байна. Бидний тооцоогоор Монголын эдийн засагт болж буй үйл явцын 50 хувь гадаад зах зээлээс, үлдсэн 50 хувь нь дотоод нөхцөл байдлаас хамаардаг. Хөрш орнууд болон дэлхий даяар болж буй санхүүгийн хөдөлгөөн манай эдийн засагт маш хүчтэй нөлөөлж байгаа. Хэдийгээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.9 хувиар суларсан ч зарим улс орны валютын эсрэг чангарч байна. Оны эхнээс Оросын рублийн эсрэг 13.2 хувиар, солонгосын вонны эсрэг 5.5 хувиар, хятадын юаний эсрэг 1.6 хувиар чангарсан сайн үзүүлэлт гарсан” гэлээ.
Валютын нөөц оны төгсгөлд дөрвөн тэрбум ам.долларт дөхнө
Ямартай ч Төв банкны ерөнхийлөгчийн зүгээс ам.доллар хөгжиж буй зах зээлээс дайжих хандлагатай болсон гэдэг прогноз хэлж байна. Гэхдээ гадаад талаас муу мэдээ. Харин сайн мэдээ манай улсын экспортын орлогыг бүрдүүлдэг уул уурхайн түүхий эдийн ханш ирэх оныг хүртэл харьцангуй тогтвортой байх таамгийг гадаад, дотоодын шинжээчид хэлж байгаа. Зөвхөн энэ оны эхний найман сард гадаад худалдаа 869 сая.долларын ашигтай гарахад уул түүхий эдийн экспорт голлох үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна валютын уян хатан ханшийн тогтолцоотой манай зах зээлийн хувьд төгрөг хүчтэй байх эсэх нь дотоодын эдийн засгийн ерөнхий дүр зургаас тодорхойлогддог. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3 хувийн өсөлт үзүүлж шинжээчдийн таамгийг эвдсэн. Ирэх онуудад ч үүнээс илүү өсөх таамаг гаргасан юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтаар дамжин ам.долларын дотогш орох урсгалыг нэмэгдүүлэх хүлээлт үүсгээд байгаа юм. Түүнчлэн ам.долларын ханшид Төв банкны валютын нөөц, алтны худалдан авалт, гадаад зээлийн эргэн төлөлт зэрэг нөлөөлдөг. Одоогийн байдлаар гадаад валютын албан нөөцөд 2.95 тэрбум ам.доллар байгаа бөгөөд жилийн дотор бараг гурав дахин өссөн үзүүлэлт юм. Тэгвэл алтны худалдан авалт бүр өөдрөг байгаа талаар Монголбанкны шинжээчид хэлэх болсон. Төв банк одоогийн байдлаар 12 тонн алт худалдан авсан. Харин оны төгсгөл гэхэд 22 тонн хүрэх хүлээлттэй байна. Дэлхийн зах зээл дээрх нэг унци алт 1200 ам.долларын ханштай байгаа гэх үзвэл, 20 тонн алт нь 650-700 сая ам.доллартай тэнцэж байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын гадаад валютын нөөц оны төгсгөлд дөрвөн тэрбум ам.долларт дөхнө гэж ойлгож болох нь. Энэ бол ханшийн өндөр савлагаа үүсээд хаахад хангалттай хүрэлцэх хэмжээний нөөц юм. Өөрөөр хэлбэл, зах зээл ам.долларын хомсдол үүссэн нөхцөлд интервенц хийх чадамжтай гэсэн үг. Харин гадаад зээл тусламжийн тухайд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй ОУВСгийн хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагууд болон улсуудаас тодорхой хуваарийн дагуу хөнгөлөлттэй валютын зээл орж ирж байгаа. Нөгөө талаар энэ оныг дуустал томоохон өр төлбөр байхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Дээрх үзүүлэлтүүд эерэг байснаар ам.долларын ханшийг тодорхойлох гол үзүүлэлт болох төлбөрийн тэнцэл ашигтай гарах нөхцөл бүрдэх юм.
Мөнгөний бодлого эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэнэ
Монголын үндэсний мөнгөн тэмдэг буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Монголбанк төгрөгийн ханшийг бодлогын хүүгээр удирддаг. Төв банк мөнгөний чанга бодлого баримтлах, эсвэл сулруулах замаар зах зээл дээр эргэлдэж буй төгрөг валютын харьцааг хянадаг гэсэн үг. Тиймээс Монголбанкны Н.Баяртсайханаас мөнгөний бодлого хэрхэх талаар тодруулахад “Төв банкнаас бодлогын хүүг урьдчилан зарладаггүй. Бидний зүгээс бодлогын хүүгээр эдийн засгийн өсөлтийг дэмжихийг чухалчилж үзнэ. Сүүлийн үед бусад улсуудын Төв банкууд бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн. Аргентиний Төв банк энэ сард бодлогын хүүгээ 60 хувьд хүргэсэн. Туркийн төв банк бодлогын хүүгээ 16-аас 24 болгосон. ОХУ-ын төв банк 1.1 хувиар нэмэгдүүлж 7.7 хувьд хүргэсэн. Дэлхий дахинд үүсээд байгаа санхүүгийн нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Монголбанкны тухайд эдийн засаг дөнгөж сэргэж эхэлж байгаа учраас цаашид өсөлтөө дэмжих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Аль болох бодлогын хүүг тогтвортой байлгах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ гадаад нөхцөл байдал өдөр, цаг, минутаар өөрчлөгдөх боллоо. Тухайлбал, энэ долоо хоногийн даваа гарагт АНУ, БНХАУ-ын 250 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувьд хүргэж өсгөнө гэдгээ зарлалаа. Энэ мэт хурдацтай өөрчлөлтийн нөхцөл байдалд зохицуулан шийдвэрээ гаргах болно” гэсэн юм.
Д.Мягмардорж