СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-09

Н.Алтанхуяг АН-д “агсам тавих” эрхтэй юү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.Баяр

Эрх баригч намын дотоод зөрчил намжих хэрээр Ардчилсан намынх ихсэх шинжтэй болчихов. Хамгийн сүүлд тус намыг нэгэн цагт удирдаж явсан Н.Алтанхуяг, өдгөө удирдаж буй С.Эрдэнэ хоёр хэвлэлээр бие биедээ үг дайгаад авлаа. Энэ толхилцоон эцэстээ ирэх сард болох Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиар АН-д тун муугаар нөлөөлөх талтай. Ерөнхийдөө АН, МАН-ын дарга нар солигдсоноос хойшхи хамгийн том нь, энэ сонгууль. Тэдний хэн, хэн нь намдаа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах эхний шалгуурынхаа өмнө ирсэн гэсэн үг. Ялангуяа АН-ын хувьд бол бүр ч чухал. Хэрэв ялчихвал УИХ-д эргээд бүлэгтэй болно. Бас лидерүүдээсээ хөөсөн туусан гэх олон асуудал дээр эргээд намын гишүүддээ уучлагдах зөвтгөл олох боломжтой.

Гэвч олон зовлон бий. Засгийн газрыг огцруулах асуудал дээр намынхаа эсрэг байр суурь баримталсан хэмээн хоёр УИХ-ын гишүүнээ эгнээнээсээ гаргатал тэд нь шинэ нам байгуулахаар эх орноо тойроод явчихлаа. Уг аяллын үзүүр эргээд АН-ыг хатгаж таарна. Дээр нь, гол өрсөлдөгч талаас Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд хүч үзэх бололтой. Засгийн газрын тэргүүн танхимынхаа сайд нартай хамт Хэнтий аймагт ажилласнаас олон нийт ингэж хардаж байгаа. Олон нийт ч юу байхав АН, МАХН-ын зүгээс аль хэдийн шүүмжлээд эхэллээ. Тэгвэл . Хэнтийн зүг жолоо залах болсноос нь ингэж үзэх үндэс гарч байгаа байх.

Ерөөсөө ирэх 2020 оны их сонгуулийн өмнөх сунгаа гэж намууд харж байгаа болохоор хүч хаяхаар шийдчихээд байгаа юм. Харин АН-аас Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар өрсөлдөнө гэдэг сураг гараад удлаа. Нутаг орондоо нэр хүнд сайтай ч бусад намуудаас хүчтэй өрсөлдөгч очиж байхад ялаад гараад ирэх нь эргэлзээтэй. Ялахын тулд намынхаа лидерүүдийн дэмжлэгийг авах хэрэгтэй. Гэтэл Улаанбаатарт АН-ын томчууд өөрсдийгөө харлуулах ажлыг хийгээд сууж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан мэдээлэл хийхдээ нөгөө л “шударга бусын хонгил”-оос болоод АН-ын даргын сунгаанд ялагдаж, Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд бүдэрсэн гэдэг утгатай үг хэлэв.

Мөн “Өнөөдөр АН юу болоод байгаа юм. Нам гэдэг бол бодлого ярьдаг байх ёстой. Хүн ардынхаа амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэдгийг ярьдаг институц байх ёстой. Жишээ нь, би намын дарга зургаан жил хийж байх хугацаандаа Монгол орон даяар хэлэлцүүлэг хийж байсан. “Монгол хүн 2020” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, ард түмнээрээ хэлэлцүүлж байсан. Ингэж ажилласаны хүчинд олонх болж чадаагүй ч олуулаа болсон. 2012 онд УИХ-д 34 суудалтай болж байлаа. Харамсалтай нь, 2014 онд маш хорсол, заналтайгаар манай Засгийн газрыг огцруулж байсан. Манай Засгийн газарт ажиллаж байсан гурван сайдыг УИХ-ын санал хураалтанд оролцуулахгүйгээр барьж авч үлдсэн байдаг. Барьцаалагдаж үлдсэн хүмүүсийн нэг бол С.Эрдэнэ. Үүнийхээ шанд нь дөрвөн жил Засгийн газарт үргэлжүүлэн ажилласан. Ийм муухай ялзарсан зүйлийг улс төрд хийж эхэлсэн.

. Эрүүдэн шүүхийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. АН-ыг дээрэмдэж авсан дээрэмчид манай намын нэр хүнд, олон зуун мянган гишүүдийн итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө энэ АН-д элссэн олон зуун мянган гишүүд ийм зүйлийг дэмжихгүй. Өнөөдөр АН-ын удирдлага энэ намыг юу ч биш болгож байна. Шившиг, гутамшиг. Үүн дээр би ганцхан жишээ хэлье. Зөвхөн АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг өгдөг. Гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг босгодог. Босгохдоо жирийн гишүүдээсээ авна. Ийм нам байхгүй шүү дээ. Монголд байтугай дэлхий дээр байхгүй. АН нам биш болсон. Мөнгөний сүлжээ болсон. Ингэж ажиллахгүй ээ” гэсэн юм.

Хариуд нь АН-ын дарга С.Эрдэнэ “Зөрчил гаргаад намаасаа хөөгдсөн этгээд намын удирдлагуудаа явах ёстой, зайлах ёстой гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. АН өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай. Намын дунд шатны байгууллагын шийдвэрээр Н.Алтанхуягийг удаа дараа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хассан. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Үндсэн дүрмийн хүрээнд дунд шатны байгууллага гаргасан. Гомдолтой байвал давж заалдах эрхтэй. Гэхдээ улс төрийн намын дотоод асуудлын талаарх гомдлыг аль ч шүүх хүлээж авдаггүй. Н.Алтанхуяг байнга л шохой самбар хоёр барьчихаад баахан юм яриад зогсож байдаг. Ер нь. Шударга бусын хонгилоор нь би ч гэсэн чирэгдэж, хэлмэгдээд явж л байсан. Би урдах хойдох янз бүрийн юмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх сонирхол багатай. Өнөөдөр нотлох баримтуудаар бүх асуудлууд нь нотлогдох байх. Н.Алтанхуягийн яриад байгаа зүйлийг шаардлагатай гэвэл баримтаар гаргаж тавина.Түүн шиг худлаа, үнэн юм яриад байх сонирхол алга. Энэ асуудлаар тун удахгүй манай хуулийн газар хуулийн хяналтын байгууллагад хандана” гэсэн байна лээ.

Ийнхүү АН-ын шинэ, хуучин дарга нарын дунд цав суусан нь бүхэнд ил боллоо. АН-ын хувьд Н.Алтанхуяг даргын өнгөн дээр том, жижиг таван сонгуульд дараалан ялж байлаа. Энэ бол АН-ын түүхэн амжилт. Гэхдээ амжилтын хажуугаар нам дотроо ротацийн сонгуулийг явуулахгүй удсан, фракцуудыг өөгшүүлсэн гэм ч түүнд наалдана. АН-ын хувьд хэтрүүлж байж болох ч дотоодын шат шатны сонгуульд өрсөлдөхдөө төлөх дэнчингийн мөнгө, татвар нь намыг эрүүл явахад нөлөөлөх учиртай. Түүнээс намын нэрийг удирддаг хэдэн даргатай, тэд нь аль нэг газраас тухайлбал, томоохон компани, корпорациудаас мөнгө босгодог. Түүгээрээ сонгуульддаг байвал харин ч хэн нэгний халаасанд орсон бодлого явуулах юм биш үү. Намын гишүүнчлэлийн татварыг тоохгүй байна гэдэг эргээд ийм сөрөг талтай, эрүүл биш уг үзүүртэй болчих гээд байдаг. Намын санхүүжилт хэр чухал вэ гэдгийг нам удирдаж явсан хүн мэдэх байх. Тийм ч болохоор Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой хэмээн парламентад суудалтай, суудалгүй бүх намууд хэлдэг, “Намын дансыг шилэн болгоё” гэж ярьдаг юм. Харин өнөөдөр Ерөнхий сайд асан маань өөрийнхөө зүтгэж явсан намынхаа дотоод самууныг улам булингартуулан улс төр рүү ороод ирлээ. Ингэхдээ ирэх сарын нөхөн сонгуулийн талаар бодсонгүй. Бодоод ингэв үү гэсэн асуулт ч бас гарна. Дээр нь, Ерөнхийлөгчийн зөвлөх болсон хийгээд, өнөөдрийн хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагууд солигдож ерөнхий дүнгээрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эрх мэдэл төвлөрсөн хойно эргэж олон нийтийн өмнө гарч ирж байгаа нь ч асуулт дагуулна. 

Хамгийн гол нь намын даргадаа чиглэсэн түүний үйлдэл яагаад нөхөн сонгуульд нөлөөгөө тусгах вэ гэдгийг тайлбарлах гээд үзье. Нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Чингэлтэйд нэр дэвшсэн Г.Баярсайханыг дэмжиж олны өмнө үг хэлж байсан нь цөөнгүй хүний санаанд үлдсэн байдаг юм. Тайзан дээр Г.Баярсайханыг хөтөлж гарч ирээд “Хамгийн өсөх ирээдүйтэй залууг олоод ир гэвэл би Баярсайханыг л авч очно” гээд гарыг нь эгээ л боксын тэмцээний ялагч адил өргөөд “Хамгийн хүн чанартай, боловсролтой залууг нэрлэ гэвэл би мөн л Баярсайханыг хэлнэ” гээд дахиж өргөөд л, хүмүүс алга ташилт нижигнүүлээд л. Одоо уг нь ийм дэмжлэг л АН-аас нэр дэвших боломжтой гээд байгаа Ж.Оюунбаатарт хэрэгтэй байгаа юм. Харин энэ мэтээр дотооддоо бие биенээ муулсан хэвээр АН-ын удирдлагууд Хэнтийн төвд очвол нэр дэвшигчийнхээ нэр хүндийг унагах шинжтэй болох нь. Ядаж Хэнтийн АН дотроо хоёр хагарчихаад сүрхий түнжин муудаж байгаа гэх.

Аль эртнээс л АН-ын имиж эв түнжингүй нь байсан юм. Энэ хэрээрээ дотоод ардчилалтай ч харагддаг тал бий. Гэхдээ өнөөдрийнх шиг ядарсан үед нь Ерөнхий сайд явсан Н.Алтанхуяг гарч ирээд ноолох нь хэр зөв бол. Энэ намын даргаар хамгийн удаан ажилласан хүн гэдгээ бодсон ч, намаа ялуулж, ялалтын бялуунаас хүртэж ч, хувааж ч явсан намтараа харсан ч шүү дээ. Мөн 2016 оны сонгуульд АН улс даяар “далаараа тавиулсан”-ы дараа намын даргын сунгаанд ил өрсөлдөж ялагдсан, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сунгаанд өрсөлдөөд мултарсан зэргийг нь бодсон ч гомдох зүйлгүй баймаар. Тийм болохоор өнөөдөр АН тэгвэл ингэж “агсам тавиулах” ямар өртэй вэ гэж асуугаад байгаа хэрэг.

Зарим хүмүүсийн хэлэхээр өнгөн дээрээ намын шинэчлэлийн төлөө, улс орон гэж байгаа ч цаагуураа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад С.Эрдэнэ чуулганы хуралдааныг хаяж гарч явсан, тэгээд дараагийн Засгийн газарт дахиад сайд болсонтой холбоотой хорсол гэх. Гэхдээ сайн ч, муу ч С.Эрдэнэ бүх гишүүдийн дунд явуулсан сунгаанаас тодорсон намын дарга. Тэгэхээр нэг нам гэж явна гэвэл одоо нэг тугийн дор зогсох цаг нь. Хэрэв энэ АН-ын томчуудын нэгнээ дарж авах гэсэн улстөржилт үргэлжилсээр 2020 онтой золгоод ялагдвал АН-ын 1970-аад оны залуус чинь 2024 онд арынхаа үед зайгаа тавих зам руугаа орчихсон байна. Намыг нь дагаж, дэмжиж явсан залуус харамсмаар биш үү. Тэр нь яахав гэхэд АН сайн муугаар хэлүүлдэг ч өнөөдөр жинхэнэ утгаараа төлөвшөөд байгаа хоёр намын нэг. Тэд дотоод самуунаасаа салж чадахгүй өрсөлдөгчдөө байнга боломж олгосоор байвал ардчилал, нийгмийн тогтоцод ч аюултай биш юм уу.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.