Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор боллоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна гэснийг үндэслэн шүүхээс 15 хоногийн турш үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ.
Хэргийг сануулахад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын албанаас ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хойшлуулашгүйгээр дайчлан баривчилж шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн Б.Хурцыг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээс гадна Франц улсаас Д.Энхбатыг хулгайлж авчирсан, Жастын Ш.Батхүүгийн зарим хөрөнгө Б.Хурцын өмчлөлд очсон гэх асуудлуудаар шалгаж байгаа гэх мэдээлэл байна.