Амиа хорлолт ихсээд байгаа шалтгаан юу вэ? Нийгмийн сэтгэлзүйн талаар сэтгэл судлаач Б.Мөнх-Өлзийтэй ярилцлаа
-Амиа хорлолт ихссэн шалтгааныг нийгмийн сэтгэл зүйтэй холбож болох уу?
-Сэтгэл судлаачийн байр сууринаас тайлбарлавал нийгмийн сэтгэл зүйн үзэгдлийг төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, хүний эрүүл мэнд, эдийн засгийн байдал, шударга ёсны асуудалтай холбон тайлбарладаг. Харин хувь хүний сэтгэл зүйн өөрчлөлт бол сэтгэл судлаачтай харьцангуй ойр сэдэв л дээ. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй олон хүчин зүйлээс хамаардаг.
-Манай улс амиа хорлолтын тоогоороо дээгүүрт ороод байна? Энэ нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлттэй холбоотой юу?
-Монгол улс Дани, Шри-Ланка улсын араас амиа хорлолтын тоогоороо гуравт жагсаж байгаа. Амиа хорлолт гэдэг бол сэтгэл гутралын хүндэрсэн үе, шийдлээ олж чадахгүй байгаагийн эцсийн үр дүн юм. Жишээлбэл бүх зүйлийг эерэгээр хардаг гэр бүл байдаг. Нөгөө талаар жижиг асуудлыг томруулж хүндрүүлж хардаг гэр бүл ч бий. Сэтгэл зүйн асуудал удамших хандлага голчлон давамгайлдаг. Нийгмийн хүчин зүйл гэхээс илүү хувь хүний сэтгэл зүйтэй холбож ярих ёстой.
Яагаад манай улс гуравт оров гэхээр хүнээ хөгжүүлэх, хүмүүнлэг бодлого дутагдсаны үр дүн байж болох юм.
-Нэг талаар сэтгэл зүйчдийн оролцоо чухал байдаг гэсэн үү?
-Манай улсад болж байгаа амиа хорлолтын байдлыг судалбал хөдөө орон нутагт амиа хорлолт нийслэл хотоос давамгайлсан байсан. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт сэтгэл судлаач дутагддагтай холбоотой байх.
ДЭМБ-аас таван жил тутамд нэг удаа судалгаа хийхэд Монголчуудын 100 000 хүн тутмын 28,1 хувь нь амиа хорлож байна гэсэн судалгаа гарсан. Эрэгтэйчүүд нь дийлэнх нь байна. Мөн 10-89 насны хүн амиа хорлосон. Түлхүү 29 орчим насны хүн илүү амиа хорлосон тоо гарсан. Энэ бүхнийг нэгтгэж судалгаа гаргавал манай улс дэлхийд гуравт орсон байна.