ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага болон кино театрууд, контент борлуулагч нартай уулзалт хийлээ. Хар тамхи хэрэглэх, худалдан борлуулах, хадгалах, тээвэрлэх, донтох явдал сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч, энэ гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа учраас олон нийтэд чиглэсэн урьчилан сэргийлэх, хор хохирлыг ойлгуулах, сургалт сурталчилгааны ажлыг тасралтгүй хийх шаардлагатай байгаа гэдгийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд онцоллоо.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжийг хэрэгжүүлж, хар тамхийг бэлтгэх, хэрэглэхийг заасан, хууль бус эргэлт, худалдааг өөгшүүлсэн агуулгатай дуу, дүрс бичлэг, зураг, ном товхимол, хэвлэмэл хуудас, кино, клипийг олон нийтэд түгээхийг энэ тавдугаар сарын 20-ноос хойш хориглож байгаа гэдгийг энэ уулзалтын үеэр дуулгалаа.
Ингэснээр “Ларьдма-2”, “Сайн уу амьдрал минь-2”, “Ар хударга”, “Цуурхал” зэрэг Монголын уран сайхны киноноос эхлээд холливүүдийн “Богемиан рапсоди”, “Американ биути” зэрэг асар олон кинонуудыг телевиз болон кино сан, интернет сайтууд, кино театруудаар бүрэн хэмжээгээр гаргахыг хориглохоор байна. Гаргалаа гэхэд хар тамхины хэрэглээтэй хэсгийг техникийн аргаар хасаж гаргах юм байна.
Мөн тавдугаар сарын 20-оос өмнө дээрх хориглосон агуулгатай контентыг мэдээллийн сайт, цахим сан, айпи тв, кино сангуудаасаа устгах, эсвэл тухайн агуулгатай хэсгийг техникийн аргаар хасаж дахин байршуулахыг зөвлөсөн юм.