Гватемал улсын нийслэл хотын ойролцоо байдаг хорих газарт буудалцаан гарч багадаа долоон хүн амиа алдсан талаар мэдээлэв. Буудалцааны үеэр 20 гаруй хүн шархдаж эмнэлэгт хүргэсэн байна.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр буудалцааныг хоёр хоригдол эхлүүлжээ. Хоригдлуудын нэг нь мансуурсан байхдаа мөргөлдөөнийг эхлүүлж гал нээсэн гэж үзэж байна.
Гватемал хотын ойролцоо байдаг Павон хорих газарт 4,000 хоригдол ял эдэлж байгаа нь даацаас гурав дахин хэтэрсэн явдал юм. Уг хорих газрыг 1970 онд 1,000 хоригдол саатуулах хүчин чадалтайгаар барьж байжээ.
Ассошейтэд Пресс агентлагийн дамжуулснаар мөргөлдөөн гарах үед буюу орон нутгийн цагаар мягмар гарагт найман цагийн турш хоригдлууд хяналтыг гартаа авчээ.
Аюулгүйн хүчнийхэн хорих газар луу нэвтэрч хяналтыг эргүүлэн авсан гэж Гватемалын хорих ангиудын төлөөлөгч Карлос Моралес Reuters агентлагт ярьжээ. Даац хэтэрсэн, харуул хамгаалалт сул хорих газруудад энэ мэтчилэн мөргөлдөөн гарах нь элбэг. Павос хорих газарт 2016 онд бослого гарч 14 хүн алагдаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com