СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-08

АН-ынхны хоосолсон банкуудыг МАН-ынхнаас хамгаалах цаг дөхлөө дөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Мягмардорж

Монголын төр нэгдсэн нэг төсвөө ч захирч сураагүй байж, үрэлгэн нэлээд хэдэн гараар зэрэг урсгаж явсан үе бий. Засгийн газар 2012-2014 онд Сангийн яамнаас гадна Эдийн засгийн хөгжлийн яам нэртэй тусдаа төсөв батлуулан, зарцуулагч бий болгосон. Хажуугаар нь УИХ, Засгийн газрын чиглэлийн дагуу Хөгжлийн банк гадаадаас зээлсэн олон тэрбум ам.доллароо урсгаж, Монголбанк үнэ тогтворжуулж,
сайн хөтөлбөрийг дэмжих нэрээр олон их наяд төгрөгийг хэвлэн тарааж билээ. Наанаа эдийн засгаа тэтгэх нэртэй мөртлөө цаанаа улс төрийн оноо авах зорилготой дөрвөн салаа төсөвтэй байсан. Гэвч үр дүнд нь гадаадаас авсан өрөө даахгүйгээ ойлгох хүртлээ улсын эдийн засаг “хасах”руу орж, ОУВС-д хандсан байдаг юм. ОУВС-гийнхан 2017 онд Монголд газардсан даруйдаа олон төсвөө цэгцэлж нэг удирдлагад төвлөрүүлэхийг зөвлөсний үндсэн дээр эдийн засаг одоогийн “нэмэх” голдиролдоо ороод буй. Тэр дашрамд, Монголбанк, Хөгжлийн банк аль алинд нь тодорхой хэмжээний хязгаар тогтоохоор тохиролцсон. Төв банк мөнгө хэвлэн төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахаа бүрэн зогсоохоор болсон бол Хөгжлийн банкны гадаадад тавих өр, дотоодод олгох есөн шидийн зээлд хязгаарлалт тавьсан. Энэ нь олон улсын доноруудын зүгээс манай эрх баригчдад тавьсан гол нөхцөл байсан гэхэд болно.

ХӨГЖЛИЙН НЭРТЭЙ ХӨРӨНГӨ ХӨӨСӨРСӨН БАЙДАГ ЮМ

Дөнгөж өчигдөрхөн Улсын ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг Хөгжлийн банкнаас 2012-2016 онд олгосон зээлээс гурван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг танилцуулав. Улмаар нэлээд том дүнтэй 11 зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлийг Хөгжлийн банкны удирдлагуудад эрх үүргийнхээ хүрээнд өгчээ. Мөн 786.9 тэрбум төгрөгийн 28 төсөлд анхаарал хандуулахыг даалгасан байна . Аудиторуудын танилцуулгаас онцлоход, Хөгжлийн банк бий болсон цагаас хойш үйл ажиллагаа нь үндсэн зорилго болох хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдаагүй, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна гэж үзжээ. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад валютын албан нөөц огцом буурч, төлбөрийн тэнцлийн алдагдалтай байх үед Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан улсын төсвөөс гадуур их хэмжээний санхүүжилт олгож нэгдсэн төсвийн зарчмыг алдагдуулсан гэж дүгнэв.

Тус банкнаас 2012-2016 онуудад улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 348 төсөлд 1.4 их наяд төгрөгийн зээл олгосноос 39.1 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын зээл Хөгжлийн банкны зорилго, зорилттой нийцэхгүй, 36 төсөл хугацаандаа хэрэгжээгүйгээс үр дүн гараагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэсэн байна гэж дүгнэжээ. Одоо ч шийдвэрлэгдээгүй Төрийн орон сууцны корпорацын бүтээн байгуулалтууд, Эрдэнэтийн 49 хувьтай холбогддог “Кью Эс Си”, “Хөтөл”, байшинт үйлдвэрийн цогцолбор байгуулсан “Эрэл” гэх дөрвөн компанийн зээл үүнд хамаарч байна. Бүгд зээлийн эргэн төлөлт нь удааширч, хүндэрд орсон.

Дээр нь өнгөрсөн сард татан буугдсан Капитал банкны зээл нэмэгдээд байгаа. Энэ таван компанийн нийт өр 731 тэрбум төгрөг, 2015 оноос өмнө олгогджээ. Энэ мэтээр Засгийн газраас эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх бодлогын шийдвэрүүд удаа дараа өөрчлөгдөж тогтворгүй байсан нь Хөгжлийн банкны санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиг хангалтгүй, эргэн төлөгдөхгүй байх эрсдлийг бий болгож, банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Зөвхөн энэ дүгнэлт Хөгжлийн банкны үйл ажиллагаанд улс төрийн оролцоо ямар байсныг илтгэнэ. Ерөнхийдөө Хөгжлийн банкны гаргасан зээл их наяд төгрөгөөр хэмжигддэг ч улсын хөгжилд үр өгөөжөө өгсөн болон эргэн төлөлт нь тэрбумаар яригдаж байгаа урвуу тогтолцоо үйлчилж ирсэн. Хөгжлийн банк 2016 оноос өмнө 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээтэй зээл олгосон есөн аж ахуйн нэгж байдаг. Эдгээр есөн зээлдэгч тус банкны хамгийн том зээлдэгч бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 58.2 хувийг эзэлж байна.

Тодруулбал, ТОСК 257.5 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дангаараа 168.5 тэрбум, “МАК цемент” компани 166.3 тэрбум, “Эрдэнэс-Монгол” компани 166.1 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк”-ны мэдлийнх гэдэг нь тогтоогдоод байгаа “Кью Эс Си” компани 161.3 тэрбум төгрөг, “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэр 161.2 тэрбум төгрөг, Голомт банкны хамаарал бүхий гэгддэг “Цэцэнс Майнанг энд энержи” 140.9 тэрбум төгрөг, ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компани 105.1 тэрбум төгрөг, ТОСК-ын бүтээн байгуулалтад голчлон оролцсон “Бэрэн” компани 101.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. УИХ-аас Хөгжлийн банкны хуулийг шинэчилж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Ингэснээр бие даан улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзэж болохоор юм. Түүнээс хойш Засгийн газраас эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу улсын төсөв дарамт болох нэг ч төгрөгийн зээл гаргаагүй гэдгийг тус банкны удирдлагууд онцолсон. Улмаар зөвхөн санхүүжүүлсэн төслөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нэг их наяд төгрөгийн зээл олгосон байна. Түүнчлэн Хөгжлийн банк төгрөгийн мөнгөн хадгаламжаа Төв банкны бодлогын хүүнээс 0.53 хувийн өндөр өгөөжтэйгөөр арилжааны банкуудад байршуулжээ. Ингэснээр ашигт ажиллагаа өссөн байна. Дээрх үзүүлэлтийг хангасны үндсэн дээр олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын адилаар Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг ахиулаад байгаа.

МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ МАШИН БОЛСОН БАЙДАГ ЮМ

Улсын мөнгөний бодлогыг тодорхойлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах зэрэг бодлогын арга хэмжээ авах үндсэн үүрэгтэй Монголбанк 2012-2016 онд “Mөнгөний машин” болж хувираад байлаа. Монголбанк 2012-2016 онд нийтдээ долоон их наяд төгрөг хэвлэж дээр төсвийн шинжтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байдаг. Үүнээс “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн 40 орчим хувь буюу нийт 2.2 их наяд төгрөг нь 2013 онд гарчээ. Энэ үед улсын нэгдсэн төсвийн зарлага, Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилт зэрэг төсвийн санхүүжилтийн хэмжээ өмнөх оноосоо 34 хувиар өссөн байдаг аж.

Өөрөөр хэлбэл, төсвийн тэлэх бодлогын үед Төв банкнаас төсвийн шинжтэй санхүүжилтийг нэмж олгосноор зах зээл дэх төгрөгийн нийлүүлэлтийг хэт тэлж, улмаар гадаад валютын эрэлтийг огцом нэмэгдүүлсэн нь 2013 онд төгрөгийн ханш 19 хувиар сулрах суурь шалтгаан байсан гэдгийг шинжээчид тогтоосон. Тэгвэл 2016 онд “Сайн” хөтөлбөр, ACEM, чанаргүй активыг бууруулах хөтөлбөрүүдэд нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон нь Төв банкнаас олгосон нийт төсвийн шинжтэй санхүүжилтийн 26 орчим хувьтай тэнцдэг гэнэ. Энэхүү төсвийн шинжтэй хөтөлбөрүүд нь анх нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бууруулах зорилготой байжээ.

Гэвч явц дундаа банкны өөрийн үндсэн зорилтоос гажиж улс төрийн оноо авах хэрэгсэл болж хувирсан байна. Гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал хангалтгүй, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд муудсан үеэр хэрэгжүүлсэн нь төсөв, мөнгөний хэт тэлэх бодлогын нөлөөгөөр төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэж 2016 онд төгрөгийн ханш 25 хувиар сулрахад нөлөөлсөн байдаг. Зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулж, үнийн хөөрөгдөл бий болгожээ.

Хамгийн гол нь энэ бүхний эцэст Төв банкийг алдагдалтай ажиллаж эхэлсэн гэж үздэг. Ийнхүү мөнгөний нийлүүлэлтийн нөлөөгөөр төгрөгийн ханшийг тогтвортой түвшинд барихын тулд банкуудад гадаад валют нийлүүлсэн. Интервенцийн үр дүнд ханш алгуур суларсан ч Төв банкны албан нөөцийг шавхаж, өрөөр нөөцийг бүрдүүлэх шаардлагыг бий болгожээ. Үр дүнд нь Монгол Улсын ДНБ 2016 оны эхний улиралд 1.6 хувийн уналттай, 0.6 хувийн дефляцтай, төсөв 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай банкны салбарын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 15.4 хувьд хүрсэн, гадаадын хөрөнгө оруулалт татарсны улмаас валютын нөөц Монголбанкны тодорхойлолтоор хасах 402.5 сая ам.доллар, ОУВСийн дүгнэснээр хасах 2.75 тэрбум ам.доллар болж байлаа.

Тэгвэл гэж үзэж болно. Ам.долларын ханш ч 2013-2016 онд огцом савласан шигээ өндөр хэлбэлзэлтэй байсангүй. 

ЭЦЭСТ НЬ

Ямартай ч өнгөрсөн гурав орчим жилд Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч байх учиртай дээрх хоёр банкинд ийм эерэг өөрчлөлт гарчээ. Үүний үр дүнг илтгэх тоо баримт нурших нь ч илүүц биз. Харин сүүлийн үед гарч буй мэдээ мэдээлэл, улс төрийн өнгө аясаас харахад, Төв банк болон Хөгжлийн банкны хараат бус байдал алдагдах гээд байх шиг. МАН-ынхан өнгөрсөн хугацаанд Төв банкны болон Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулж бие даасан, хараат бус байдлыг бататгалаа хэмээгээд, улс төрийн нөлөөгөө алдахыг хүсээгүй.

АН-ынхан ч тэгэхгүй байсан, угаасаа тэгээгүй гэдэг нь 2012-2016 оны жишээн дээр тод томруун харагддаг. Өнгөрсөн онд Монголбанкны хуулийг өөрчилж, бие даасан байдлыг сайжруулсан гэж байгаа ч удирдлагыг нь халж сэлгэх мэдэл эрх баригчдад үлдсэн. Үе үе энэ санаа нь сэвэлзэх болсон. Хөгжлийн банкны хувьд хуулиараа аливаа компанийн эцсийн шийдвэрийг ТУЗ нь гаргадаг. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-ийг Засгийн газраас томилдог учраас үлдсэн хугацаанд улс төрөөс ангид бодлого явуулна гэдэг нь ч эргэлзээтэй. Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар тус банкны асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэ чилж, гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх чиглэл гарсан нь зүгээр нэг тохиолдол биш байлгүй. Дахин сануулахад, АН-ынхан хэт улс төртэй хутгалдсан, эдийн засгийн буруу бодлого явуулаад, 2016 оны сонгуулиар сонгогчдоор дүнгээ тавиулсан юм аа. Харин ирэх сараас эхлээд 2020 оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх сонгуулийн дуу сонссон МАН-ынхан яах бол. өнөөдөр 2013-2017 онд туулсан хүндрэлээ бодохоор хувийн хэвшлийнхэнд айдас төрдөг гэдэг шүү.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.