Ж.ЦОГЗОЛМАА
Малайзын Куала Лампур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгүйн цогцос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай 2006 оны аравдугаар сарын 19-нд олдсон байдаг. Бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон билээ. Ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Ш.Алтантуяа байв.
Эргэн сануулахад, Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ 2002 онд байгуулснаас түүх эхэлжээ. Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсан байна. Багиндагийн тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзийн Стратегийн судалгааны төвийн захирал байв. Багиндад орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай удалгүй амрагийн холбоотой болсон байна. Цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Гэвч Нажиб Разак бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.
“Malaysia-today.net”-д өнгөрсөн даваа гаригт Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэргийн талаар мэдээллийг шинэчлэн нийтэлсэн байв. Ингэхдээ “Улстөрч Рамкарпал парламентад Нажиб болон түүний эхнэр Росмах нар Ш.Алтантуяагийн амиа алдсан хэрэгт холбоотой” хэмээн мэдэгдсэнийг онцолсон байв.
Өнгөрсөн жилийн өдийд Малайзад энэхүү хэргийн шүүх хурал болж, буруутгагдсан этгээд “Намайг өршөөвөл бүх мэдээллийг ил болгоход бэлэн байна” гэж хүртэл мэдэгдсэн нь бий. Энэ хугацаанд Малайзийн орон нутгийн хэвлэлүүдэд Ш.Алтантуяагийн сүнс тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Абдул Разак болон Малайзийн тухайн үеийн шүүх засаглалын албан тушаалтнуудыг дагасан хэвээр байгаа хэмээх ёгт нийтлэлүүд ч ихээр цацагдаж байв.
Малайзийн Дотоод хэргийн сайд Мухиддин Яассин Парламентад хийсэн мэдэгдэлдээ “Нажиб болон түүний эхнэр Росмах Мансор нар Ш.Алтантуяагийн амиа алдсан хэрэгт холбоотой нь нотлогдвол тэдний эсрэг хэрэг үүсгэнэ” хэмээн мэдээлжээ.
Түүнчлэн Малайзийн парламентын гишүүн Рамкарпал Синх “Бизнесмэн Дийпак Жайкийшан, Ерөнхий сайд асан Нажиб болон түүний эхнэр Росмах нар Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэй холбоотой гэж маш тодорхой мэдэгдсэн” гэжээ. Үүнээс өмнө бизнесмэн Дийпак гэгч интернэт сүлжээнд энэхүү хэргийн талаар дүрс бичлэг бүхий мэдээлэл тараасан ч энэ нь оргүй устаж алга болсон юм.
“Үнэндээ энэ нь зөвхөн Нажиб болон Росмах нарын нэр хүнд биш харин Малайз улсын нэр төр, шударга ёс, хуулийн хэрэгжилтийн талаар олон улсын хэмжээнд яригдаж буй асуудал юм” гэж тус сайтад “Malaysia-today.net” онцолсон байв.
Дийпак-ийн дүрс бичлэгт өгүүлснээр Нажиб болон Росмах нарыг Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбоотой гээд, энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлэхэд тэдний хэн хэн нь яахаа мэдэхээ больсон талаар мэдээлсэн байжээ.
Гэвч Нажиб өөртэй нь холбогдсон Малайзийн баялгийн сангаас алдагдсан хөрөнгийн эрэл хайгуулыг зогсоохыг оролдож, өөрийгөө ч өмгөөлсөөр байгаа билээ.
Нажиб монгол бүсгүйн амиа алдсан хэргийн мөрдөн байцаалтыг дахин нээхийг эсэргүүцвэл хамаг улс төрийн замналаа баллах байсан бөгөөд магадгүй Малайзийн баялгийн сангийн маргаан ч дэгдэхгүй ч байсан юм билүү гэсэн маргаан өнөөдөр тус улсад өрнөж байна.
Тэгвэл үүнийг Нажиб улс төрийн дайснууд нь өөрийнх нь эсрэг олон улсын холбоотнуудыг ашиглаж нэр хүндэд нь халдаж байна хэмээн мэдэгдэж байлаа.
Гэвч “Аль Жазира” телевизэд өгсөн ичгүүртэй ярилцлага нь асуудлыг өөр өнцгөөс харахад хүргэсэн юм. Тэрээр тус телевизийн хэцүү асуултуудад хариулж дөнгөхгүй байсан төдийгүй, Малайзийн баялгийн сан болох 1MDB-ийн асуудал, түүний банкны хувийн данснаас хийгдсэн 2.6 тэрбум рингиттийн хандивын талаар бас л хариулж чадаагүй юм.
Үүнээс гадна түүний эхнэр Росмах Мансор-ын 22 каратын 27.3 сая ам.долларын үнэ бүхий хүзүүний очир эрдэнийн зүүлт, Нажибийн дагавар хүү Ризал Азизийн дансанд орсон 200 сая гаруй ам.доллар, оргон зугатсан иргэн болох Жо Лоуг нэрлэж болно. Жо Лоу нь авлига, гэмт хэрэг, нууц задруулсан болон мөнгө угаасан хэрэг, бас Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой зэрэг 38 хэрэгт холбогдоод байгаа юм. Жо Лоу нь Лондонд сурч байхдаа Нажибийн дагавар хүү Азизтай дотно холбоотой болжээ. Нажибийн оролцсон энэ нэвтрүүлэг өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд дэлхий даяар цацагдсан билээ.
Үүний дараа Нажиб Малайзийн баялгийн сангаас алдагдсан мөнгө болоод Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн талаар “бүгдийг хэлэх” үүрэгтэй үлдэж байна хэмээн Malaysia-today.net сануулсан байлаа.
Үүнээс гадна Нажиб Разакийн бие хамгаалагч байсан Сирул Азхар Умар Ш.Алтантуяаг хөнөөсөн буруутгагдаад байгаа бөгөөд цаазын ялаар шийтгүүлээд байсан билээ. Гэвч Сирул Австралид орогнол хүссэн ч тус улсаас албадан гаргахаар болсон юм. Тэрээр “Надад эх орноос минь өршөөл үзүүлбэл захиалагчийн нэрийг зарлана” гэж хэлж байсан билээ.
2019.5.8 лхагва №95 (6062)