Ц.Даваасамбуу
БНХАУ аюулгүй байдлын шаардлага хангаагүй болон 300 мянган тонноос бага хэмжээний нүүрс олборлодог уурхайнуудынхаа тоог 2021 он хүртэл бууруулахаар төлөвлөж байгаа ажээ. Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны тайланд дурдсанаар, аюулгүй байдал, ажлын байрны орчны стандартыг хангаагүй уурхайнуудын үйл ажиллагааг зогсоохын зэрэгцээ зарим уурхайн олборлолтыг нэмэгдүүлж, аюулгүй байдлын стандартыг сайжруулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус улс 2015-2020 хүртэлх таван жилийн хугацаанд нүүрсний уурхайн осол эндэгдлийг 15 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа аж. 2015 онд л гэхэд нүүрсний уурхайн ослын улмаас 500 гаруй хүн амиа алдсан гэх судалгаа байна.
2018 оны эцсийн байдлаар Хятадад үйл ажиллагаа явуулж буй нүүрсний уурхайнуудын тоо хурдацтайгаар буурч, 4000-д хүрсэн тухай тус улсын Үндэсний нүүрсний холбооны тайланд мэдээлжээ. Түүнчлэн эдгээр нүүрсний уурхайны жилийн олборлолтын дундаж хэмжээ 920 мянган тонн болж нэмэгдсэн байна. Тус улс энэ жил цахилгаан станцыг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, цахилгаан дамжуулах шугамын ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн эрчим хүчний нүүрсний импортоо 10-12 сая тонноор бууруулахаар төлөвлөж байгаа юм байна. Оны эхний улиралд, Хятад нийт 74.63 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан үзүүлэлт аж.
Коксжих нүүрсний хувьд, энэ оны эхний хоёр сарын байдлаар гол нийлүүлэгч болох Австрали Улсаас авсан 5.49 сая тонн коксжих нүүрсний хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсчээ. Хятад Улс нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэл нь үндсэндээ нүүрсний хэрэглээн дээр тулгуурладаг. Жилд 2.05 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдгээс 68.7 хувийг нь нүүрснээс гарган авдаг гэсэн судалгаа бий. Дэлхийн тогтоогдсон нүүрсний нөөцийн 13 орчим хувийг Хятад дангаараа хэрэглэж байгаа бөгөөд одоогийн энэ түвшин нь нөөцийн хомсдлыг үүсгэж болзошгүй талаар олон улсын түвшинд маргаан үе үе өрнөх нь бий. Дашрамд дурдахад, өнөөгийн хэрэглээгээр дэлхийн нүүрсний нөөцийг 200-210 жил хүрэлцэнэ гэж үзэж байгаа аж. Гэхдээ дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээнээс аль болох татгалзах бодлого баримталж байна. 2010 оны байдлаар гэхэд л Хятадын жилийн нүүрсний хэрэглээ 3.2 тэрбум тонн болж байсан бөгөөд харин сүүлийн 10 жилд хэрэглээ нь буурсаар байна. Үндсэндээ тус орны нүүрсний хэрэглээ 1980 оноос 500 хувь өссөн бөгөөд энэ нь дэлхийн хэрэглээний бараг тэн хагаст дөхөж буй юм. Хятадын эрчим хүчний бодлого тодорхойлогчид энэ хэрэглээг жилд 3.8 тэрбум тонноос хэтрүүлэхгүй байхаар тооцож байгаа юм.
Эх сурвалж:
http://www.mining.com/web/china-close-1000-unsafemining-sites-2019-state