Манай дэлхий дээр нийт найман сая төрлийн ан амьтан оршин амьдарч, байгаль дэлхийн тэнцвэрт байдлыг хадгалж байна. Гэвч эдгээрийн нэг сая нь хүн төрөлхтөн та бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр мөхөж байгааг эрдэмтэд анхаарууллаа.
Дэлхийн хүн амын тоо өсөн нэмэгдэхийн зэрэгцээ байгаль дэлхийг устгаж дуусашгүй хэрэгцээгээ хангасаар байна. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ойрын 10 сая жилд ан амьтдын төрөл зүйл хэдэн арваас хэдэн зуу дахин багасч мөхсөн гэдгийг 50 улсын 145 эрдэмтэн сануулав.
Тэр дундаа байгалийн нөөцийг устгах, цаг уурын өөрчлөлт, хүн амын тоо өсөх зэрэг нь хоёр нутагтны төрөл зүйлийн 40 хувь, шүрэн арлын 30 хувь, далайн ан амьтдын 1/3 төрөл зүйлийг устгаж үгүй хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Зөвхөн цаг уурын өөрчлөлтийг авч үзэхэд дэлхийн хуурай газрын 75 хувь, далай тэнгисийн экосистемийн 66 хувьд хор хөнөөл учруулж байна. Дэлхийн хүн ам сүүлийн 50 жилийн дотор 3,7-7,6 тэрбум болж өсөн нэмэгдсэний сацуу хүн бүрт ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөв дахин өссөн. Хуурай газрын 1/3, цэвэр усны нөөцийн 75 хувь нь газар тариалан, тэжээвэр амьтдад зарцуулагдаж байна.
Далай тэнгисийн экосистемийг эвдэж буй өөр нэг хүчин зүйл бол хуванцар хог хаягдал юм. 1980-аад оноос хойш жил бүр 300-400 сая тн хог хаягдал далайн гүнд хаягдах болжээ. 400 гаруй далай тэнгис үхлийн бүс болоод байна.
Олон улсын эрдэмтдийн танилцуулсан зарим нэг тоон мэдээллийг дурдвал:
- Хорхой шавжны 10 орчим хувь нь мөхөхөд ойр байна
- 1970 оноос хойш дэлхийн үр тарианы хэрэгцээ 300 хувиар өсчээ
- Хүлэмжийн хийн 25 хувь нь хөрсийг шим тэжээлгүй болгосноос үүдэлтэй
- 1870 оноос хойш шүрэн арлын тэн хагас алдагджээ
- 1992 оноос хойш хотожсон бүс нутаг 100 хувиар нэмэгдэв
- 2050 он гэхэд 25 сая км замыг шинээр бүтээн байгуулна
Хэдийгээр та бидний өмнө итгэхэд бэрх тоо баримт байгаа хэдий ч өөрчлөлт хийхэд хэтэрхий оройтоогүй гэдгийг эрдэмтэд сануулахыг хүссэн байна. Гагцхүү яг одооноос орон нутгаас эхлээд дэлхийн хэмжээнд хүртэл бүх шатныхан өөрчлөлтийг эхлүүлбэл оройтохгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Засгийн газруудад ирэх 10-20 жилийн дотор хүнс тэжээлийн бол цаг уурын аюулгүй байдлыг хангах бүрэн боломж бий гэж үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com