СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүүхдийн хүчирхийллийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Сүүлийн өдрүүдэд хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг ихээр гарч, нийгмийг цочирдуулж байна. Үүнтэй холбоотойгоор эрх баригч намын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа санаачилга гарган улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт хийж, хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хөндөн, ярилцаж байна.

Зөвлөлдөх уулзалтад АН-ын дэргэдэх байлаа.

Зөвлөлдөх уулазлтаас ажлын хэсэг байгуулж, зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, санаачилгуудыг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Уулзалтын үеэр намуудын эмэгтэйчүүдийн төлөөллүүд ямар ямар санал дэвшүүлж, үг хэлснийг товчлон хүргэе.

 

МАХН-ын гишүүн Н.Удвал: Эрх баригчдад хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх улс төрийн хүсэл, зориг алга

-Дэлхийн гуравдугаар дайн бол гэр бүлийн дайн болсон гэж НҮБ-ын ерөнхийлөгч асан Кофи Аннан хэлж байсан. Өнөөдөр гэр бүлийн дайн болж байна. Энэ дайнаас болж бага насны хүүхдүүд хохирч байна. Үүнд бид ч буруутай.

Ер нь хүчирхийлэл буурахгүй байх хэд хэдэн шалтгаан байна.

1-рт, Эрх баригчдад хүүхдийн хүчирийлэлтэй тэмцэх улс төрийн хүсэл, зориг алга. Хүчирхийлэл нь бараг нийгмийн норм, норматив юм шиг хандаж байна. Хүчирхийлэгч хүнийг УИХ-д эргүүлэн томилох асуудлыг ярьж байгаа нь ч үүнийг гэрчилнэ. Үүнийг эмэгтэй гишүүд таслан зогсоох ёстой.

2-рт, Улс төрийн манлайлал алга. Үндэсний механизм гэж байх ёстой. Үе үеийн төрийн Ерөнхий сайдууд Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлж ажилладаг. Энэ хаана байна? Үүнийг манай эмэгтэй гишүүд хэлэх, шаардах хэрэгтэй. Ямар ч хөрөнгө мөнгөгүйгээр зөвхөн хүсэл зоригоор маш олон хүүхдийг хүчирхийллээс аварч болно. Тиймээс эрх мэдэлтэй байгаагаараа эрх баригч намын гишүүд тэмцээч ээ, ажиллаач ээ. Эрчүүдээ хүчирхийллийн эсрэг ажиллуулах хэрэгтэй.

3-рт, Төрийн бодлогоо хэрэгжүүлэх чадвар алга.

 

МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Өрхийг чадавхжуулах, ядуурлыг бууруулах тал дээр эмэгтэйчүүд л анхаарч ажиллах ёстой

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гамшигийн хэмжэээнд хүрсэн үү гэвэл хүрсэн. Энэ асуудлаар эрх баригч намын эмэгтэй гишүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд дорвитой ажил хийж чадаагүйд харамсч байна. Та бүхний манлайлал үнэхээр дутсан. Хамгийн түрүүнд та бүхэн улс төрийн хүчирхийллийг зогсоох ёстой байсан. Улс төрийн тогоон доторх хүчирхийллээс салахын тулд та бүхэн наад зах нь Д.Гантулгыг өмөөрөх ёсгүй л дээ.

Хууль дүрэм гаргаад гэмт хэргийн гаралтыг бууруулах, зэрлэгшсэн нийгмийг өөрчилж чадахгүй нь ээ. Хамгийн гол нь монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаач ээ. Халамжаас хамааралтай гэр бүлүүд нэмэгдээд байна. Ажилгүйчүүдийн эгнээг нэмэхгүй байхад анхаарал хандуулаач ээ. Өрхийг чадавхжуулах, ядуурлыг бууруулах тал дээр эмэгтэйчүүд бид л анхаарч ажиллах ёстой шүү дээ. Эрх баригч намын эмэгтэйчүүдийн хувьд энэ асуудалд илүү анхаарч ажиллаач ээ гэж хүсч байна.

 

МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа: Ажилгүйдлийг хүчээр бууруулах ёстой

-Хүчирхийлэл нийгмийн шалтгаантай ихээхэн холбоотой байдаг. Ажилгүй хүмүүс хүчирхийлэл ихээр үйлдэж байна. Тиймээс ажилгүй хүмүүсийг албадлагын журмаар ажил хийдэг болгох шаардлага байна. Тухайлбал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг багадаа гурван жил тасралтгүй төлсөн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байх. Эсвэл ажилгүй болж буй хүмүүст ажилгүйдлийн тэтгэмж олгодоггүй байх гэх мэт. Ингэснээр хүмүүс ажил идэвхтэй хайж, ажилгүйдэл ч багасч эхэлдэг. Тэр хэрээр хүчирхийлэл багасна.

 

МАХН-ын гишүүн Д.Өлзийсайхан: Авлигаас болж хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байна

-Хүүхдийн хүчирхийлэл чухам юунаас болоод байгааг би авлигаас болж байна гэж би үзэж байна. Яагаад гэвэл авлига их байгаа учир хүүхдэдээ зарцуулах мөнгөө авлигад зарцуулаад байна. Эдийн засгийн зөв төлөвлөлт, зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаа учир бид хүүхдүүдээ хүчирхийлүүлээд байна. Тиймээс бид эдийн засгийн зөв орчныг бүрдүүлэх ёстой. Дундаж давхаргыг бий болгоход анхаарах, ажилгүйдлийг бууруулахад анхаарах ёстой.

 

ИЗНН-ын гишүүн О.Сарантуяа: Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна

-Бид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадахгүй байна. Монгол улс тэр чигтэй хүүхдэд ээлгүй орчин болчихож. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг сургуулийн орчин, зам талбай нь хүүхэд хүмүүжих, эрүүл, аюулгүй өсч торних, тоглож наадах ямар ч орчин бүрдүүлээгүй байна. Хүүхэд хүмүүжих орчин нь зөв бус учир хүүхдүүд ч зөв хүмүүжил авч чадахгүй байна.

 

Дэлхийн монголчуудын намын гишүүн Г.Сарантуяа: Боловсролдоо алдаа гаргажээ бид

-Бид хүн шиг хүн байх хүмүүсийг төлөвшүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, боловсролын системдээ алдаа гаргажээ. Дөрөвдүгээр ангийн багш хүүхдүүдийнхээ дунд судалгаа явуулж ямар орчин хүсч байгааг нь асуухад нэг ангийн 26 хүүхэд “архигүй орчинг хүсч байна” гэдгээ бичсэн байна. Гэвч архи уудаг эцэг, эхэд нь хариуцлага тооцдог эрхзүйн орчин ч алга. Ядаж л архи ууж, хүүхдийнхээ сурах, хүмүүжих эрхэд халдсан эцэг эхчүүдэд хариуцлага тооцох жижигхэн асуудлаас эхлээсэй гэж хүсч байна.

 

АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хамгийн түрүүнд боловсролын асуудалд анхаарах ёстой

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг санаачлан, иргэдээс санал аваад 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна. Иргэдээс санал аваад явж байхад хамгийн түрүүнд хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсрол дээр анхаарах болсныг маш олон иргэд санал хэлж байна. Бэлгийн боловсрол, хүн болох боловсролыг сургалтын системд оруулах шаардлагтай байгааг судалгаа харуулж байна.

 

Нэг дүгээр хэсэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.