Мексикийн Монтерриг чиглэн нисч яваад өнгөрсөн ням гарагт сураггүй алга болсон онгоцны сэгийг Коахула мужийн умард хэсгийн уулархаг нутгаас олсон болохыг эрх баригчид мэдэгдлээ. Лас Вегасын МакКаран олон улсын нисэх буудлаас хөөрсөн хувийн онгоцонд 10 зорчигч, гурван нислэгийн багийн гишүүн байжээ.
Онгоцны сэг зэм олдсон учраас сүйрсэн гэж үзэж байна. Онгоцонд байсан зургаан эмэгтэй, долоон эрэгтэйн бие цогцос олдсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Коахула мужийн захирагч Мигуэл Рикуэлмэгийн хэлснээр онгоц АНУ-Мексикийн хилээс баруун урагшаа 200 орчим км-т Монклова хотын дээгүүр нисч байгаад холбоо тасарчээ. FlightAware.com сайтад бичсэнээр онгоц далайн түвшнээс дээш тогтмол өндрөө алдаж дахин өндрөө авсан ба цаашид хэрхэн аяллаа үргэлжлүүлсэн нь тодорхойгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр сураггүй болсон онгоцыг Бомбардиер Чэлленжер 600 загварын онгоц байсан гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com