Баруун Африкийн Нигер улсад газрын тос тээвэрлэж байсан том оврын машин осолдож дэлбэрсэн байна. Тээвэрлэгч машиныг осолдсоны дараа асгарсан газрын тос, хийг хамж авч байсан иргэд дэлбэрэлтэд өртөж нийтдээ 55 хүн амиа алдсан гэж CNN мэдээлэв.
Дэлбэрэлт Баруун Африкийн Нигер улсын нийслэл хотын нисэх буудал хүрэх замд болжээ. Дотоод хэргийн яамны сайд Мохамед Базумын мэдээлснээр 37 иргэн гэмтэж шархадсан байна.
Гэрчийн яриагаар шөнө дундаас өмнөхөн машин осолдсон н ба энд тэндээс хүмүүс гүйлдэн ирж газрын тос, хий авч байх үед гэнэт дэлбэрч хормын дотор бүх зүйл шатжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Иссуфу Махамаду хэргийн газарт ирж нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Мөн эмнэлэгт байгаа гэмтэж шархадсан иргэд дээр Ерөнхийлөгч зочилжээ. Тэрээр гэмтэж шархадсан болон амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.
Хохирогчдын дийлэнх нь галд шатаж өндөр зэрэгтэй түлэгдсэн байна. Нигер улс нь газрын тос үйлдвэрлэгч орнуудын нэг бөгөөд үүнтэй төстэй осол аваар гарах нь элбэг. Өнгөрсөн 10 дугаар сард түлш шатахуун тээвэрлэж байсан машин шатаж ойр орчимд байсан 20 машин, дөрвөн мотоцикл шатсан хэрэг гарчээ.
Эх сурвалж: www.cnn.com