LIVE: УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлуудаар ярилцлаа.
-Энэ удаагийн сонгуульд МАХН хэнийг нэр дэвшүүлэх бол?
-Нэр дэвшигч 6 сарын 2-нд тодорно. Тэр болтол шууд нэр хэлэхэд эрт байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэсэн таамаг байна?
-Үзэх л хэрэгтэй. Алтан боломж нь шүү дээ. Наймаа арилжаанд л орчихгүй бол үзэх хэрэгтэй.
-Та МАХН-ын гишүүн хэвээрээ юу?
-Сангийн яаманд О.Баасанхүү манай намын гишүүн тул 124 сая төгрөгийн олгоно уу гэсэн бичиг өгсөн байна лээ. Мөнгө авах болохоор намын гишүүн, мөнгийг нь идэж дуусахаараа гишүүн биш гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр 124 саяас би 10 саяыг нь авах ёстой. Тэр мөнгөөр би тойрогтоо нэн шаардлагатай зүйлд зарцуулж, аудитад тайлан гаргаж өгөх ёстой. Гэтэл би гурван жил болоход нэг ч төгрөг аваагүй. Миний гурван жилийн мөнгийг МАХН авлаа.
- Та Хэнтийн нөхөн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор, ер нь намын дарга Н.Энхбаяртай ойрын үед холбогдсон уу?
- Хоёр удаа залгахад утсаа аваагүй. Намын дарга Н.Энхбаяртай би сая Хойд Солонгосын арга хэмжээн дээр нэг ширээнд суусан. Байдгаараа л байж байна лээ. МАХН бол нэг хүний компани биш. Компанийн захиралд таалагдсан хүн гишүүн, таалагдаагүй нь гишүүн биш байж болохгүй. Тойрсон хулгайч нараасаа салаач ээ гэж би хэлдэг. Үүнд Н.Энхбаяр надад гомдсон. Жишээ нь, би Барилга хот, байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийн тухай "Наад хүн чинь хэрэг хийжээ. Х.Баттулгатай тохироод хэргийг хойшлуулж болж болох ч монголын ард түмэнд гай тарьсан байна шүү" гэж хэлсэн. Шударга байдлыг бид өөрсдөөсөө эхлэх ёстой.
МАХН нөхөн сонгуулиас суудал авах ёстой. Манай намаас өөр олигтой нэр дэвшээд гараад ирэх хүн байхгүй дээ. Намын дарга лидер үү, лойдор уу гэдгээ харуулах хэрэгтэй.
Үндсэн хуулин цэцэд өчигдөр хандсан асуудлыг би Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон бодож байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянгын зөвлөх байсан хүн ҮХЦ-д хандана гэдэг бол гутамшигтай үйлдэл. Өөрийн хүсэлтэр ажлаасаа чөлөөлөгдсөн хүний оронд ажилд авч болохгүй гэж хэлж байгаатай адил. Энэ бол хууль зүйн талаасаа ямар ч боломжгүй.
-Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулах нь хэнд ашигтай вэ?
-Бүгдэд нь ашигтай байна. МАН-д ашигтай байна. Ерөнхийлөгчид ашигтай байна.