Мьянмарын үндэсний цөөнх Рохинжа исламчуудын хэргийг эрэн сурвалжилсан Reuters агентлагийн хоёр сэтгүүлчийн баривчлан саатуулаад байсан юм. Сэтгүүлчдийг 500 орчим хоногийн турш хорьж саатуулсны дараа сулласан тухай эх сурвалж мэдээлэв.
33 настай Ва Лоне, 29 настай Киав Со О нарыг Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллажээ. Тэдэнд албаны нууц задруулсан хэргээр долоон жилийн хорих ялыг өнгөрсөн есдүгээр сард оноогоод байсан.
Сэтгүүлчид 2017 оны есдүгээр сард Рахин мужийн хойд хэсгийн Ин Дин тосгонд 10 рохинжа эрэгтэй армийн цэргүүдийн гарт амиа алдсан хэргийн нотлох баримтыг цуглуулсан байна. Уг материалыг олон нийтэд дэлгэн нийтлэхийн өмнө цагдаа нар баривчлан саатуулсан юм.
Рахин мужид гарсан мөргөлдөөнөөс улбаалж 720,000 рохинжа иргэн Бангладеш улс руу дүрвэн гарсан бөгөөд Reuters-ын сэтгүүлчид хорионд байхдаа Пулицерын шагнал хүртэж хийсэн ажлаа баталгаажуулж чадсан билээ.
Дэлхийн нийт уг баривчилгааг Мьянмар улсын эрх баригчид ардчиллын үнэт зарчмыг зөрчсөн болон хэвлэлийн эрх чөлөөг үл хүндэтгэсэн хэмээн харж зэмлэн буруушаасан. Ва Лоне суллагдсаныхаа дараа “гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа уулзаж байгаадаа маш их баяртай байна. Мэдээний өрөөндөө очно гэхээс хүлээж тэсэхгүй нь” хэмээн ярьжээ.
Мьянмар улсад шинэ оноо угтаж буй баяртай холбогдуулан өршөөл үзүүлж Reuters агентлагийн сэтгүүлчдээс гадна олон мянган хоригдол суллагдаж эрх чөлөөтэй болсон байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com