С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороон дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар мэдээлэл хийлээ. Түүний хувьд Түр хороо өнөөдрөөс албан ёсоор ажлаа эхлүүлж буйг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны анхны хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Түр хорооны анхны хурлаар С.Зориг агсны хэрэг дээр ажилласан М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар болоод давж заалдах шатны шүүх дээр нь ажилласан С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан болон хяналтын шатны шүүх дээр ажилласан Ц.Зоригт, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын шүүгч нарт бүгдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ.
Эд монгол хүмүүсийг хэлмэгдүүлсэн хүмүүс. С.Зориг агсны хэргийг шийдвэрлүүлсэн болгож жүжиглэсэн эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлөхөөс ажлаа эхэлнэ. Ялангуяа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Б.Батцэрэн, Б.Цогт, Ц.Зориг, Д.Эрдэнэбалсүрэн нар МАНАН бүлэглэлийн толгойлогчдын нэг Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс. Эднийг ажлаа чөлөөлтөл Түр хороо ажиллана.
Түр хорооны хуралдаан дээр бид эдгээр шүүгч нарт Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлнэ. Шүүгч нарыг байцаана. Мөн бид Улсын Прокурорын Eрөнхий газарт хандаж С.Зориг агсны хэргийг матeриалыг Түр хороон дээр татаж авчирч танилцаж байна. Түр хороо хилс хэрэгт хэлмэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн яаралтай суллах, цагаатгах ажлыг хийнэ. Мэдээж энэ хэрэг дээр ажилласан прокуроруудтай ч хариуцлагын асуудал ярих ёстой. Эдгээр шүүгч нарыг чөлөөлөх асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ч хандсан.