Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ес дэх жилдээ ажиллаж байсан Ц.Зоригийг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн.
Улмаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Дээд шүүхийн бүх шүүгчийн зөвлөгөөн болж ерөнхий шүүгчийн сонгуулийг явуулсан. Уг сонгуулиар Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг олонхийн саналыг авч, түүний нэрийг Ерөнхийлөгчөд өргөн мэдүүлсэн юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшигч Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилохоос татгалзжээ. Гэхдээ Д.Ганзоригийг ямар үндэслэлээр томилохоос татгалзсан нь тодорхойгүй байгаа юм. Албаны эх сурвалжийн тайлбараар бол Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар Ерөнхийлөгч татгалзсан шалтгаанаа заавал тайлбарлах шаардлагагүй гэв.
Тиймээс Дээд шүүхийн бүх шүүгч дахин хуралдаж зөвлөгөөнөө хийхээр болжээ. Зөвлөгөөн өнөөдөр болно. Үүгээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин сонгоно гэсэн үг.
Уг сонгуульд 2-3 хүн өрсөлдөх мэдээлэл байна. Гэвч сонгуульд нэр дэвшигчдээс Д.Ганзоригтой өрсөлдөж байсан Х.Батсүрэнг олонхийн санал авч магадгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Х.Батсүрэн тодрох магадлал өндөр болсон бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин