СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хунтайж Харри аав боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хунтайж Харри аав болж бяцхан хүүгээ өлгийдөн авсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Сассексын гүн Харри бүл нэмснээ албан ёсоор зарлаж тэднийг дэмжиж байсан бүх хүмүүст гүнээ талархал илэрхийлжээ.

Сассексын гүнгийн авхай Меган Мэркль өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр амаржина хэмээн мэдэгдэж байсан юм. Гүнгийн авхай, бяцхан хунтайж нарын биеийн байдал сайн байгаа бөгөөд түүнд ямар нэр өгөх бол гэсэн хүлээлт олон нийтийн сонирхлыг татаж байна.

Букинхэмийн ордны албан ёсны эх сурвалж нялх хунтайж Британийн цагаар даваа гарагийн өглөө 05:26 минутад 3,2 кг жинтэй мэндэлсэн гэжээ. Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабетийн найм дахь гуч, угсаа залгамжлах долоо дахь үеийн хунтайж болж байна.

Одоогоор Хунтайж Харри болон түүний гэр бүл энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил зарлалгүй уламжлалыг эвдэхээ мэдэгдэж байсан билээ. Эх сурвалжууд Меганыг Лондоны Гэгээн Мэригийн эмнэлэгт амаржсан байж магадгүй гэж таамаглаж байна. Энэ эмнэлэгт Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон амаржиж гурван хүүхдээ төрүүлсэн ба Уильям, Харри нар ч мөн энд төржээ. Ойрын долоо хоногуудад Меганыг гэртээ амаржихаар бэлдэж байна гэсэн цуурхал гарсан юм.

 

 

Хунтайж Харри “бидний хүүхэд ирэх ёстой хугацаанаасаа бага зэрэг удсан. Анх удаа эхнэр маань амаржлаа. Үнэхээр гайхалтай байсан, эхнэрээрээ маш их бахархаж байна” хэмээн ярьжээ.

Бяцхан хунтайжийг эсэн мэнд мэндэлсэн явдалд Хатан хаан Элизабет, Эдинбургийн гүн, Уэльсийн хунтайж, Корнволлын гүнгийн авхай, Кэмбрижийн гүн болон гүнгийн авхай зэрэг хааны удмын гэр бүлийн гишүүд баяр хүргэсэн байна.

Меганы аав Томас Мэркль “Миний зээ хүү Британийн хааны удмын гэр бүлд мэндэлж байгаад маш их бахархаж байна. Тэр минь Британий ард түмэн, хааны удам, хүндлэл, эв нэгдлийн төлөө сайн хүн болон өснө гэдэгт итгэлтэй байна” хэмээн Мексик дэх гэрээсээ мэндчилгээ дэвшүүлжээ.

Харри, Меган нар болзож байгаа тухай хамгийн анх 2016 оны 11 дүгээр сард Кенсингтон ордон албан ёсоор зарлаж тэдний хувийн амьдралыг хүндэтгэж үзэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүсч байсан юм. Үүнээс жилийн дараа тэд сүй тавьснаа зарлаж 2018 оны тавдугаар сард сүр жавхлантайгаар хуримын ёслолоо хийн таван сарын дараа гүнгийн авхай Меган бие давхар гэдгийг олон нийтэд зарласан билээ.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.