Жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл хүмүүс нэг бус удаа ханиад томуу тусдаг. Ялангуяа 0-9 насны хүүхдийн дунд томуу, тост өвчин эрс дэгдэж, улсын даяар харанга дэлдэх шахам болдог. Эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд томуугийн вакцинжуулах аянг хэрэгжүүлж, дүүргийн эрүүл мэндийн Хүүхдийн тасгийг уртасгасан цагаар ажилуулж, иргэдэд утсаар мэдээлэл зөвлөгөө өгч, эмнэлгийг орыг нэмэгдүүлж ажилласан талаар НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх дурдсан юм.
Тэрбээр “Жил болгон өөр өөр томуу, тост өвчин дэгдэнэ гэж байхгүй. Харин томуутай төстэй олон төрлийн вирусны аль нэг нь идэвхтэй байгаагаас улбаалан ханиад томуу тусдаг” хэмээв.
Иргэдийн хувьд ханиад хүрсэн бол эмийн сангаас дур мэдэн ханиад, томууг намдаадаг гэсэн эмийг худалдаж аван хэрэглэдэг нь томуу, тост өвчнийг улам хүндрүүлдэг болохыг мэргэжилтнүүд дурдсан байдаг. Ханиад хүрсэн бол та хамгийн түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.
Ханиад томуунаас та өөрийгөө жилийн турш хамгаалах боломжтой. Өөрийнхөө болон хүүхдийнхээ дархлааг нэмэгдүүлж, витаминлаг хоол унд хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Үүнээс гадна сайн дурын томуугийн вакциныг ХӨСҮТ аравдугаар сараас хийж эхлэх талаар мэдээлж байгаа юм. Тэгвэл хувийн хэд хэдэн эмнэлгүүдэд томуугийн вакциныг 40-60 мянган төгрөгөөр хийж байгаа аж.
Сэтгүүлч Т.Сайнбуян