СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Утга зохиол | 2019-05-07

Дайны бүсэд өнгөрүүлсэн “Дурсахуйяа сайхан долоон жил”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ удаагийн “Ширээний ном” буландаа “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгаланг урилаа.

-Та одоо ямар ном уншиж байна вэ?

-Ойрд эртний монголчуудын оршуулгын зан үйлтэй холбоотой судалгааны бүтээлүүд уншиж байна. Хамгийн сүүлд Довдойн Баярын “Алтан ургийн язгууртны нэгэн булшийг судалсан нь” нэртэй судалгааны бүтээл уншсан. Энэ сэдэвтэй хамаарах уран зохиолын эссээ бичих гээд судалгаа хийж байгаа юм.

-Яг одоо таны ширээн дээр ямар ном байна?

-Үнэнийг хэлэхэд ширээний ном гэвэл хэдэн толь бичгээс өөр сүртэй юм байхгүй. Ихэвчлэн уран зохиол уншдаг боловч түүндээ нэг их фанатын сэтгэлзүйгээр хандаад байдаггүй. Уншаад авахаа аваад, гайхахаа гайхаад цаашаа явдаг гэх үү дээ. Түүнээс байнга сөхөж хараад, ахин дахин уншаад, үе үе дотроос нь үнэтэй санаа шүүрдэж амьдрал ахуйдаа хэрэглэдэг тогтсон ном алга. Яахав үнэхээр яруу бичлэгтэй, гайхмаар уран сэтгэлгээтэй номуудыг сөхөх нь бий. Харин ойрноос Монголын түүхийн гол номуудыг ширээнийхээ ном болгоё гэж бодож байна.

-Сэтгэлд тань хамгийн их хүрсэн номоо нэрлээч?

-Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” санаанаас ер гардаггүй. Юсүнари Кавабатагийн “Алгын чинээ өгүүллэгүүд” том санааг маш жижигхэн зайд ямар нарийн торгон гаргаж болдгийн том жишээ. Израйлын зохиолч Эдгар Керетийн “Дурсахуйяа сайхан долоон жил” гэж ном байна. Хэлбэр нь Кавабатагийнх шиг мөртлөө бичвэр бүр нь гашуун егөөтэй. Толгой дээгүүр нь сум шунгинаж, хаяанд нь бөмбөг дэлбэрсэн дайны бүсэд эгэл жирийн амьдрал гэдэг ямар эмгэнэлт инээдэм болж хувирдгийг ой тойнд зурна. Нэрлэвэл олон ном байна.

-Ном уншихад өдөрт хэдэн цагийг зарцуулж байна. Ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ?

-Ажлын онцлог гэх үү дээ. Ном уншихад бүх өдрийг тэр чигт нь зориулж байна гэвэл хилсдэхгүй болов уу. Хэвлэлтэд өгөх номуудаа ариутган шүүх гэж дахин уншихын сацуу, дараа ямар номууд хэвлэх вэ гэж судалж, мөн өөрийнхөө сонирхлыг дагаж эсвэл хувь уран бүтээлдээ зориулан судалгаа хийж гэх мэтээр ер нь бол ажил, амьдрал минь тэр чигтээ унших үйл явц болчихсон байна. Ихэвчлэн урлаг, утга зохиолын номууд уншина. Дундуур нь уран зохиолын бус номууд уншина л даа. Ялангуяа, технологитой холбоотой юмсад их сэтгэл татагддаг. Ойрын үед Монголын түүх уншъя л гэсэн төлөвлөгөөтэй байна.

2019.5.7 МЯГМАР 94 (6061)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.