СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-07

Орхигдсон бүс буюу Биокомбинат, Шувуун фабрикийг булшлах эрх мэдэлтнүүдийн тактик

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Мөнхтунгалаг

Нийслэлийн хаяанд төвхнөсөн жижиг суурингууд орхигджээ, хотын дарга аа. Улстөржилт, улаан шороо хоёр хүн, мал бүхнийг туйлдуулж байна. Сүүлийн 20 гаруй жил халуун хэвлийгээ ухуулсан Биокомбинат, Шувуун фабрик орчимд тоосжилт хэрээс хэтэрчээ. Арга ч үгүй биз. Даацаа хэтрүүлсэн том машинууд хаа дуртай газраараа шороо босгон давхилдах юм. Өдөрт дунджаар 400-500 хүнд
даацын машинууд холхилддог энэ тосгон бүх шатны эрх мэдэлтнүүдийн хараа хяналтын гадна орхигджээ. Хайрга, дайрга олборлогчдын хараа хяналтгүй бүс нутаг болж сарны гадаргуу гэгддэг Заамартай ижил төстэй замналаар замнажээ.

. Дархан эрхтэй, даварсан компаниуд хэдийнэ үйл ажиллагаагаа эхэлсэн байлаа. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй жолооч нар хайрга, дайрганы төлөөх “дайн” эхлүүлж нутгийн иргэдтэй бүхий л эрх ашгаараа нэгдэж чадахгүй тэмцэлдсээр хаврыг эхлүүлжээ. Жил бүр уух ус, газар нутаг, аюулгүй амьдралынхаа төлөө дуу хоолойгоо хүргэсээр байдаг Шувуун фабрикийнхан энэ удаад туйлджээ. “Иргэдийн амьдрал туйлын ядуу байна. Хэдэн малаа барааддаг бидэнд одоо гишгэх газар ч олдохоо байлаа. Сонгууль ойртохоор л санал авах зорилгоор сайхан үлгэр яриад явдаг хүмүүс бидэнд тус дэмтэй нэг ч ажил хийсэнгүй. Төр үнэхээр эзгүйджээ. Ийм хараа хяналтгүй, тушаал зааваргүй нөхцөл байдалд эрх мэдэлтнүүд дураараа дургидаг юм байна” гэдгийг иргэд учирлалаа. Нийслэлийн хүнсний ногоо, шувуу, гахайн аж ахуйн гол бүс нутаг байсан энэ хэсэг өдгөө ухсан нүх, овоолсон шороо болж хувирчээ. 

Угтаа бол зам дагаж хөгжил гэдэг. Гэтэл зам дагасан сүйрэл болжээ, энд. Орхигдсон бүс буюу Биокомбинат, Шувуун фабрикийг булшлах эрх мэдэлтнүүдийн тактик энэ юм уу. Дураараа дургих халуун цэг нь дээрх бүс болжээ.

Цаг сайхан байхад Туул тосгон буюу бидний хэлж заншсанаар Био, Шувуун фабрик орчим улаанбаатарчуудын хүнсний ногооны ихэнх хувийг хангадаг, газар тариалан, мал аж ахуй, гахай, тахианы аж ахуй эрхлэгчдийн гол бүс нутаг байсныг мэднэ. Мөн энд эмийн үйлдвэрийн тариалангийн талбай ч бий атал хажууханд нь улаан тоос манаргаж, газрын хөрсийг эргүүлж байна. “Туулын төлөө” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ын тэргүүн Ж.Үүрийнжин, “Бөхөгийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Г.Отгонбаатар нар манай редакцад хандсаны дагуу бид Хан-Уул дүүргийн XIII хороо, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаа явуулдаг хайрга, дайрга олборлогч компаниудын нөхцөл байдал хэрхэн өрнөж байгааг сурвалжиллаа. Нутгийн иргэд хууль үйлчилж хяналт мөрдөгддөггүй тус бүсэд таван ханатай гэр дугуйлж газар нутаг, малын бэлчээр, ус, голынхоо эхийг хамгаалахын тулд өөрсдийн чадах бүхнээрээ дэнчин тавьж харуул, манаа гарган хоноцгоож байна. Тэд сүүлийн найман жил тасралтгүй тэмцэж дуу хоолойгоо эрх мэдэлтнүүдэд хүргэж байгаа ч хаданд хашгирахтай л ижил төстэй үр дүнгүй тэмцэл болчихоод байгааг учирлалаа.

Шувуун фабрикийнхан одоо туйлджээ. Өдгөө ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэлийг Өргөдлийн байнгын хорооны дарга байхаас л хайрга дайрга олборлогчдыг, энэ хамгаалалтгүй карьер ухагчдыг анхаараач хэмээн гомдолсон байна. Ингээд хотын дарга асан С.Батболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Нямдорж гээд газар дээр нь ирж нөхцөл байдлыг харж, судлаагүй түшээд үлдээгүй аж. Хамгийн гоё амлалт, хамгийн их итгэл найдлага тээх шалтгаан болсон үгсийг тэд хэлээд явдаг гэнэ. “Ерөнхийлөгч Х.Баттулгаас бусад нь энд ирсэн. Ц.Нямдорж мэт нь эндээс УИХ-д дэвших эрхээ өвөртөлсөн ч сонгуулийн шоу маягийн юм хийгээд чимээгүй таг болдог. Мөн Мэргэжлийн хяналтынхан ирдэг ч яг ямар шалгалт хийснээ, ямар шийтгэл хэнд ногдуулаад явснаа нэг ч удаа нутгийн иргэдэд мэдээлж байгаагүй” гэх гомдлыг нутгийн иргэд бидэнд дайв.

. Туулд цутгаж, сэлбэдэг 20 орчим гол бий гэдэг. Түүний нэг нь болох Бөхөг өдгөө хайгаад ч олдохооргүй болжээ. Бөхөгийн гол гэх том гол урсаж байсан гэх “домог” шиг ярианаас өөр үлдэх ул мөргүй болтлоо ширгэсэн нь иргэдийн төрдөө гомдоллох хамгийн том шалтгаан болжээ.

Нутгийн малчин Г.Наранхүү гуай “Туул тосгоны газар нутгаар гурав салаалан урсдаг байсан голдирол нь эвдэрч, хатаад дусал ч усгүй боллоо. Уг нь бороо орсны дараа өмнө нь гол урсдаг, зассан суваг, шуудууг дагаад ус ирдэг байсан. Ядаж л компаниудын ухаж орхисон карьер руу орж ирээд тасардаг байсан. Одоо Бөхөг голын голдирлыг 20-иод км дагаж хайгаад ч урсацыг нь олохгүй болсон” гэв. Иргэн Ж.Үүрийнжин “Бөхөг голын хөндий Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт хамаардаг. Хайрга, дайрга олборлоод байгаа энэ газар ХанУул дүүрэг, Алтанбулаг сум хоёрын заагт оршиж байна. 2000 онд Бөхөгийн ус машины хамар давдаг байлаа. Туулыг тэжээдэг Бөхөг, Түргэн гэж хоёр гол байв. Одоо хоёулаа ширгэсэн.

Ойрноос бас нэгэн таагүй мэдээ дуулдаж байна. Манай Биокомбинат, Шувуун фабрик орчимд 108 булаг байсан. Энэ булаг шандаас үүдэлтэй гүний усны нөөцийг маань тогтоож байгаа сурагтай. Хэрэв гүний усны нөөц нь эцсийн байдлаар тогтоогдвол манай орон нутгийн гүний усыг ховх сорох нь ээ. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах хөтөлбөр гэдгээр тайлбарлаж байгаа юм билээ. 50-52 гүний усны шинэ эх үүсвэрийг Биокомбинат, Шувуун фабрик орчмоос гаргана гэж төлөвлөсөн байгааг уншсан. Тэгэхээр дээрх гадаргын ус, голыг нь хайрга, дайрга олборлогчид хатааж, ширгээгээд гүний усыг нь нийслэлийг тойрсон шинэ сууршлийн бүсүүдэд тарааж өгөх нь гэж ойлгож байна. Тэгэхээр яг энэ байдлаас харвал, Биокомбинат, Шувуун фабрик орчимд хүн, мал амьдрах ямар ч нөхцөл бүрдэхгүй нь ээ. Энд тэнд газрыг нь сэндийчээд булаг усны эхийг дарчихсан дүр зурагтай олон таардаг ч 108 булаг шанднаас хэд нь өдгөө амьд, хэд нь байхгүй болсныг хэлж мэдэхгүй. Үүнийг анхаарч, санаа зовох төрийн байгууллага алга” гэдгийг “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ын тэргүүн Ж.Үүрийнжин онцоллоо.

“Бөхөгийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Г.Отгонбаатар “Миний санахаар бол голын эргээс 500 метрээс хол ухах ёстой байх. Гэтэл энд дураараа ухаж байна. Голын эрэг дотор орчихсон ухаж байна. Ингэж замбараагүй зөвшөөрөл олгосон учраас Туул татрах аюулд орсон. Хаа сайгүй жижиг нуур цөөрөм тогтчихсон, түүнд нь мал төдийгүй хүн унаж үхдэг. Би өөрөө 2010 онд ухсан карьерт хүүгээ алдаж байсан. Зүрх сэтгэлд минь ийм том шарх байдаг учраас би эцэж цуцашгүй тэмцдэг. Таван жил хүрэхгүй хугацаанд манай нутаг усгүй болох нь ээ” гэв. Мөн “Минжийн хангай” гэж компани бий. Нөхөн сэргээлт хийдэггүй, ухаад сүйдэлж байна. 2018 оны байдлаар ухсан нүхэнд орж үхсэн хоёр үхэр бий. Ойчоод өвдсөн үхэрийн тоо тоймгүй их шүү” гэж байлаа.

Г.Наранхүү: А.СҮХБАТ ГИШҮҮН ТОЙРОГТОО АНХААРААЧ

Бөхөгийн голд манайх 14 жил амьдарч байна. Үхрийн фермтэй. Үхэр мал хэцүү болж байна. Малчид бид өглөөнөөс эхлээд шөнөжин машинуудтай хөөцөлддөг. Нутаг орны удирдлагад хэлээд тоохоо байсан. А.Сүхбат гишүүн та сонгогдсон, өөрийн төрсөн аймаг, орон нутагтаа анхаарал хандуулаач. Бөхөгийн гол сүйрэлд орлоо. Ногоо халиурдаг байсан нутаг шороогоор эргэдэг боллоо. Отрын бүс нутаг байсан. Одоо малын хамар хатгах өвсгүй нарийн цагаан тоос бургисан газар боллоо. Бэлчээргүйтсэн. Арван хүлэмж барих гэж байгаа айлын хүлэмжтэй зэрэгцэж карьер ухаж байна. 

С.Довчинбаатар: ҮХЭР ШОРООГООР БААЖ БАЙНА

Аманд шороо зажилагддаг. Бид карьераа нүү гэнэ. Карьер нь малчдаа нүү гэнэ. Дүүргийн Засаг дарга хоёуланг нь нүү гэнэ. Ийм л нэг бие биерүүгээ асуудлыг түлхдэг байдал бий болчихсон. Ямар ч үр дүнгүй. Үхэр шороогоор бааж байна гэлээ.

“Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа “Хууль бус лиценз олгосны улмаас уул уурхайн үйл ажиллагаа замбараагүй явагдаж, ус гол бохирдож, нөөц нь багассан. Нутгийн иргэдийн эрх ашиг ч зөрчигдөж байна” гэв.

Хайрга, дайрга дагасан шуналаас болж Туул тосгоны иргэд, тэндхийн гол ус, газар үгүйрч дуусах нь. Баталгаа хэрэгтэй бол Бөхөгийг хар, Түргэнийг хар. Араас нь “явахад” бэлэн байгаа Туулынхаа одоогийн байдлыг ч хар. Газрын хэвлийг ухаж сэндийчээд, улаан тоосон дунд хөсөр хаягдаж буй Биокомбинат, Шувуун фабрикт очоод үз. Бодит байдлаас илүү баталгаа хаана байх вэ. Ил харагдаад байгаа хэрнээ л шийдэгдэж байгаагүй, бас жинхэнэ эзэн нь олдож, хариуцлага хүлээж үзээгүй энэ орон нутагт анхаарлаа хандуулах эрхэм хүмүүс хаана явна вэ.

Хэд хэдэн гишүүдийн гишүүний эрх өвөртлөсөн энэ бүс нутагт бас нэгэн аюул нүүрлэсэн нь шувууны сангас. Малын бэлчээр, иргэдийн суурьшлийн бүс байж болох цэвэрхэн талбайд газар олголт явагдаж ил задгай гурван ч хэсэгт сангас асгажээ. Хамар сэтлэм үнэртэж ойртсон хүний огиудас цутгам энд сангас асгах стандарт гэх ямар ч дүрэм журам үйлчилдэггүй аж.

Туул нь Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Баян-Өнжүүл сумыг дайрдаг. Алтанбулаг суманд Туул голоо тухайн сумын малчдын 90 гаруй хувь нь бараадаж амьдардаг. Зөвхөн Атганбулагийнх ч биш Аргалант, Баянхангай, Дундговийн малчид зуншиж, намаржиж Туул голоос малаа ундаалдаг. Гэтэл одоо Туул голоос ундаалах нь байтугай ойртоход ч бэрх болсон. Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт очоод харахад Туул голын усны бохирдол хэрээс хэтэрснээс гадна хамар сэтлэм өмхий үнэр орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж эхэлжээ. Ойр хавьд нь удаан байхын аргагүй хамар цоргисон эхүүн, өмхий үнэр хаанаас эхтэйг хөөвөл хэд хэдэн шувууны аж ахуйтай шууд холбогдож байна. Айл өрх дунд үйл ажиллагаа явуулдаг “Ти Эс Ти” шувууны аж ахуйн энэ балагаас болж иргэдийн дунд арьсны харшил үүсч, гэдэс ходоод нь хямарч, зуны цагт хойноосоо үнэртэх эхүүн үнэрт хүүхэд багачууд нь ч өвдөх нь ихэсчээ.

Мөн иргэдийн болон хүүхэд багачуудын амьсгалын замын эрхтнүүд өвчлөмтгий болсноос гадна элэгний хорт хавдар болон ходооны олон талт хавдрууд иргэдийг зовоож байгааг иргэд хэлж байв. г мэргэжлийнхэн хэлжээ. Гэтэл ийм аюул тэнд байна. Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгон /Шувуун фабрик/-д өнөөдрийн байдлаар шувууны аж ахуй эрхэлдэг есөн аж ахуйн нэгж байгууллага оршин суугчдын амьдрах талбайд сангасаа ил задгай асгаж, үйл ажиллагаагаа явуулж байна. 20-иод айлын дунд хоёр гудамж дамнан ажиллах “Ти Эс Эй Ти” гэх шувууны аж ахуй бол эдгээр есөн аж ахуйн томоохон төлөөлөл. Сангасаа хаа дуртай газраа асгаж ойр орчмоо хамар сэтлэм үнэрээр утаад олон жил болсон гэдгийг хөрш зэргэлдээх айлууд хэллээ.

Ц.Должинсүрэн гуайнх тус компанитай залгаа хашаанд амьдардаг бөгөөд жилийн дөрвөн улиралд хар ялаанаас салдаггүй гэнэ. Ц.Должинсүрэн гуай л гэхэд биеэр байнга элдэв өнгөтэй тууралт гарч, бие нь сульдах болжээ. Бэлгэдэмбэрэл гэх даргатай аж ахуйд хэцүү байгаагаа хэлдэг ч нохой хуцаж байгаа чинээ тоодоггүй. Зуны бүхчим халуунд хаяа, хаалгаа нээж чаддаггүй. Үхэрийн үс гуужиж унаж байсан гэх мэт асуудал их. Даанч энэ бүхнийг тоож арга хэмжээ авдаг, энэ газрыг нүүлгэх хэмжээний эрх мэдэлтнүүд алга. Би 70 настай. 0-70 насны 10-аад хүн амьдардаг. Аргаа бараад энэ компанид хашаагаа есөн сая төгрөгөөр зарая гэж санал тавьж үзсэн. Ямар шуналтай юм. Ийм үнээр хэн наад хашааг чинь авдаг юм гэж уурлаад халгаагаагүй” гэсэн юм.

Гэтэл хуулиндаа тахиа, шувууны аж ахуйг суурьшлын бүсээс 10-20 км зайд байрших ёстой гэж заажээ. Гэтэл бодит амьдрал дээр хууль гууль болдгийн тод жишээ энэ аж. Тус аж ахуйг шалгах зорилготой дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас хэд хэдэн удаа шалгалт ирсэн ч тодорхой торгууль, шийтгэлгүй өнгөрүүлдэг, ганцхан удаа таван сая төгрөгөөр торгосон байдаг юм билээ. Ийм хэмжээний мөнгөөр торголоо гээд дээрх компани үйл ажиллагаа явуулахаа зогсооно гэсэн үг биш тул дахиад л ажиллаад эхэлдэг. Одоо зун болж байна. Ялаа батганаас эхлээд гэдэсний элдэв өвчин биднээс салдаггүй” гэдгийг тэд хэллээ.

Энэ мэт аж ахуйн нэгжүүдэд сангасаа хол асгах газрыг дүүргийн газрын албанаас зааж өгсөн ч өмхий сангасаа нэлийтэл асгачихсан өнөөх зөвшөөрөл бүхий газар нь малчдын малаа бэлчээрлүүлэх талбай бөгөөд сангас асгасан нүхэнд нь мал бүү хэл хүн ч унаж мэдэхээр байв. Өөрөөр хэлбэл, хашлага, хашаа гэх зүйлгүй, хашаатай ч хаалга гэх юм нүдэнд торсонгүй. Яагаад бид хүндээ, хүүхэддээ ийм хайргүй юм бэ. Тэднийхээ суурьших, эрүүл, аюулгүй аж төрөх орчныг бий болгохын тулд дээр дооргүй хичээдэггүй юм бэ. Яагаад ийм хүнлэг биш харгис орчин бүрдүүлдэг юм бэ гэх бодол өөрийнх эрхгүй төрнө.

Сангас, хайрга, дайрганы аюулаас үүдсэн өвчлөл, байгалийн тэнцвэр алдагдалт хоёр дахь Хонгор, хоёр дахь Заамар болгож энэ бүс нутгийг орхигдсон бүс болгож байна. Угтаа бол Шувуун фабрик, Биокомбинат нь нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр Хөдөө аж ахуйн бүс нутаг болох ёстой. Гэтэл өдгөө энэ төлөвлөгөө хаана, юу болж замхарч гацсаныг иргэд мэдэхгүй байна.

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСГИЙН АГУУЛАХЫН ХАШАА ХАРАГДАХАА БОЛЬЖЭЭ

Уул уурхай олборлогч компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгальд нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь “үлгэрийн далай” болжээ. Энэ хэсэгт сүүлийн арван жил дорвитой нөхөн сэргээлт хийгдээгүйг иргэд хэлж байна. Шувууны сангасны эхүүн үнэр, нарийн ширхэгт тоосон дунд амьдарч байгаа иргэдийн зарим нь харшлын өвчтэй болсон бол хамгийн гайхмаар нь Монгол Улсын зэвсэгт хүчний буюу цэргийн ангийн зэвсгийн агуулахууд ухсан карьерт харагдахаа больжээ. Зэвсгийн агуулах тойроод ердөө 5-10-хан метрийн зайтай газар ухаад хайрга дайрга олборложээ. 2012 оноос л ингэж ухсан гэнэ.

Сонгинохайрхан уулын үргэлжлэл Ихэр гурван цохионы бэлд олон жил нутагласан айлууд худаг гарган ундаалах болжээ. “Хайран сайхан нутаг нүдэн дээр минь сүйдэж байгааг харах ямар их зовлон болохыг олон хүн ойлгохгүй байна” хэмээн халаглах нутгийн өвгөчүүд тоос, шорооны зовлонгоосоо салж чадахгүй дарлуулж байгаа тухайгаа л ярина. Үгссэн юм шиг бүгд нэг зовлонтой аж. Уг нь Био, Шувуун фабрикийг мал, аж ахуйн бүс болгож аялал жуулчлал хөгжүүлэх дагуул хот болгох гоё төлөвлөгөөг олон гишүүн ярьж оноо авч чаддаг байсан ч одоо ингэж яривал нутгийнхан үнэмшихгүй гэдгээ хэллээ. Байгаль дэлхийг өөд нь татах, өнгө зүсийг нь сайжруулах нөхөн сэргээлт нэг ч хийгдээгүй энэ бүсэд онгойж, харласан нүхнээс өөр асуудал даанч цөөн. Иргэд ч энэ талаар цуцашгүй ярьж хэл хүрэх газраа хүртэл заргалддаг ч тусыг эс олдог тул тэгсгээд чимээгүй болцгоодог байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.