СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-07

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжсэн үү, сөнөөсөн үү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гадаад, дотоодын дансанд байршуулсан дарагдмал хөрөнгө болон төлөгдөөгүй татваруудыг ил болгох зорилготой Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт 2015 оны долдугаар сарын 3-нд УИХ-д өргөн барьсан байдаг. Ийнхүү 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр УИХ-аар баталж байв. Хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлсэн тохиолдолд нэг удаа өршөөх шийдвэрийг УИХ баталж байлаа. Тус хууль 2016 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжсэн бөгөөд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон гэдгийг тухайн үеийн Сангийн сайд Б.Болор хэлж байжээ. Тодруулбал, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлсөн байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг тухайн үед судлаачид, эдийн засагчид “Далд эдийн засгийг ил болгох хамгийн сайн хууль” хэмээн ам сайтай байв.

Гэтэл гурван жилийн дараа тус хууль нь хамгийн муу, Монгол Улсад гай тарьсан хууль гэдгийг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал өөрийг нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр хэлсэн нь олны анхааралд өртөөд байна. Тэрбээр

“Намайг томилогдсоноос хойшхи хоёр жил арван сарын хугацаанд авлигын индекс эхлээд 72 байснаа 83 болсон. Дараа нь 103 хүрээд энэ жил 93 болж буурч байна. Индекс өсөхөд хамгийн их нөлөөлсөн зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ замбараагүй үрсэн. Тэгээд өнөөхөө 2015 онд өршөөлийн хууль гаргаж өршөөсөн юм. Ингээд 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Энэ нь олон улсын байгууллагуудад очоод Монгол Улсын нэр тэр чигээрээ унасан. Үүн дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хэрэг нээж болохгүй. Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Энэ нь олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн”

хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл нөгөө талд 2015 онд Засгийн эрх барьж байсан АН-ын зүгээс “Бондын мөнгө, Өршөөлийн хууль ямар ч хамааралгүй. 33 их наядыг бондын мөнгөөр босгоод, түүнийгээ идэж уучихаад Өршөөлийн хуулиар цагаатгасан зүйл байхгүй. Тус хууль хэрэгжсэний дараа 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын засгийн үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй зүйл. 11 их наяд нь бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийн чөлөөлөлт байсан.Түүнээс биш 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан асуудал биш” гэж мэдэгдээд байна. Эцсийн дүндээ хэн нь зөв, хэн нь буруу яриад байгааг мэдэхийн тулд бондын өр төлбөрийн асуудлыг дахин сөхөж, Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй биз ээ. Ямартай тухайн үед Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэлэлцэх үеэр хэн юу хэлж байсныг хүргэе.

ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙВ /2015.08.05/

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан. Эндээс дээрх хуулийг баталснаар татварын бааз суурь өргөжиж, далд эдийн засаг бүртгэлжинэ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:

-Санхүүгийн реформ хийхгүйгээр Монгол Улс цаашаа явахгүй. Бизнес эрхлэгчид, пүүс, компаниуд ажлаа шинээр эхэлнэ. НӨАТын хуулийн татварын буцаан авалтаар иргэн, аж ахуй нэгж яалт ч үгүй татвараа төлдөг тийм байдал руу очих ёстой.

УИХ-ын гишүүн Л.Цог:

Энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Бүр хүчиндээд шийдье гэвэл улстөрчдийн хэргийг салгах хэрэгтэй. Яагаад УИХ хэлэлцэхгүй гэж буцаасан юмыг дахин, дахин оруулж ирээд байгаа юм бэ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

Түрүүчийн орж ирсэн төсөл ямар шалтгаанаар буцаагдсаныг мэдэхгүй. Эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулах бодлого боловсруулж, УИХ-д оруулж ир гэж УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу л оруулж ирж байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

Ил тодын хуулийг баталъя гээд байгаа нь цаанаа учиртай. Эдийн засгийн хямралын үед хэдэн том компани Монголын хямралыг авч гарахын тулд нуруугаа авахуултал зүтгэж байна. Бүх юмыг тэг балансаас эхлүүлээд өртэйг нь нурууг нь амраагаад, далд байгааг нь хөшүүрэгдээд мөнгөө гаргах боломж олгоё гэсэн зорилготойгоор энэ хуулийг оруулж байна. Энэ хуулийг батлаад өгвөл нэлээд том үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар ийм хэмжээний орлого далд эдийн засгаас татварын бааз руу орж ирнэ гэсэн тооцоо алга. 37-40 хувийн далд эдийн засаг байна гэж судалгаагаар гарсан. Ил болсон үед ямар тоо гарахыг нь тайлагнаж болно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд хоёр асуудал байна. Эрүүгийн өршөөлийн хуулийг Өршөөлийн хууль нэртэйгээр гаргах гэж байна. Гэтэл энэ хуулийг харахаар яг л нөгөө Эрүүгийн өршөөлийн хуулиас ялгарах юм алга. Өршөөнө уучилна гэдэг муу зүйл биш. Ялангуяа жирийн иргэд, бизнес эрхлэгчийг өршөөж, уучлах нь сайн хэрэг. Харин улстөрчдийг, төрөөс мөнгө идсэн хүмүүсийг өршөөж, уучилж болохгүй. Энэ хуульд төрийн албаны дарга нарыг төсвөөс хумсалсныг нь уучилж болохгүй гээд зааж болохгүй юу.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд албан тушаалын хэрэг байхгүй. Өршөөлийн хуулийг ярих үед хэлэлцэх асуудал байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг нууцална. Нотлох баримт болгохыг хориглоно гэсэн байна. Өршөөж болно, яагаад нууцлах гэж. Энэ хүн ийм хөрөнгөө ил болголоо гэж нийтэд мэдээлэхэд яагаад буруу гэж. Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг гаргаж торгоно гэсэн байна. Үүний ард ямар их айдас байна. Ингэх хэрэг байна уу. Өршөөсөн юм бол энэ, энэ хүмүүсийг өршөөлөө гээд мэдээллээ ил тод болгох ёстой бус уу. Хоёрдугаарт, Б.Ариунсан дарга хэлээд байна. Компаниуд хүнд байдалд орсон гэнэ. Компаниуд юунаас болоод хүнд байдалд орсон гэдгийг Засгийн газар судалж үзсэн юм уу. Хуулийн орчин хуучин хэвээр байвал ахиад л хөрөнгө нуух асуудал үүснэ. Гуравдугаарт, 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого өршөөл үзүүлснээр орж ирсэн гэдгийг яаж нотлох юм бэ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

Мэдээллийг нууцалж байгаа нь хүний хөрөнгийг гаргаж авахуулчихаад дараа нь нөгөөхөөр нь дарамтлаад байж болохгүй гэсэн санаа.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

Ил болгосон хөрөнгийн тайланг тусгай авч байсан. Тэр тусгайлсан тайлан дээр ил болгож бүртгэгдсэн хөрөнгө нь 4.5 их наяд. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс татварынхаа орчинг шинэ болгоод ажиллая гээд НӨАТ-ын хуулийг гаргасан. Татварын ерөнхий хуулиа Ил тод байдлын хуультай хамтруулбал цаашдаа шив шинэ орчин бүрдэх юм. Хөрөнгөө ил болгосон тохиолдолд яах ч үгүй гээд баталгаа гаргаж өгөхгүй бол бизнесийнхэнд хөрөнгөө ил болгочихсоны дараа нь яах ч юм билээ гэсэн эмзэглэл байсан. Тиймээс мэдээллийг нууцлахаар заалт оруулсан.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

Энэ хуулийг гарснаас хойш дахиж арван жилийн хугацаанд хөрөнгөө нуухгүй байхыг хуульчлах ёстой. Гаалийн хуулиудыг бас давхар оруулж ирэхгүй бол тэнд эдийн засгийн харилцааг зохицуулсан олон заалт байдаг. Гаалиар бараагаа дутуу, буруу мэдүүлж орж ирдэг. Тэр бусармаг үйлдлээ тогтмол давтдаг аж ахуйн нэгж байна. Энд ганц жишээ дурдахад 105 мянган аж ахуйн нэгжийн 49 хувийг эзэлж буй бөөний худалдаа эрхэлдэг хүмүүс татварт тун бага оролцоотой байна. Татвараа шударгаар төлсөн, нууснаа ил болгосон хүмүүсийг бодсон заалт оруулж ирэх ёстой. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлнэ гэсэн байна. Нэг удаагийн өршөөл бол тэр чигээрээ өршөөгөөд явах ёстой. Энэ хуулийн төслийг Төсвийн, Эдийн засгийн, Хууль зүйн байнгын хороогоор маш сайн хэлэлцэх ёстой.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

Хувь хүний эрх ашиг байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлэх ёстой. Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар дүгнэлт гаргасан. Дараагийн арван жилд ийм өршөөл байхгүй гэдэг саналыг дэмжиж байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.