Америкийн үндэстэн дамнасан Беркшир Хэтэвэй компанийн удаан хүлээсэн хувьцаа эзэмшигчдийн уулзалт бямба гарагт болж өнгөрлөө. Энэ жил 88 настай хөрөнгө оруулагч тэрбумтан Уоррен Баффетыг залгамжилж Беркшир Хэтэвэйн дараагийн гүйцэтгэх захирал хэн байх бол гэсэн асуулт энэ үеэр сөхөгдсөн ч урьдын адил таавар хэвээр үлдлээ.
Дэлхийд хөрөнгөөрөө гуравдугаарт ордог, 530 тэрбум ам.долларын үнэлгээтэй компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффетыг залгамжлах хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийн нэг нь Энэтхэгт төрсөн Ажит Жайн хэмээх бизнес эрхлэгч хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байна. Хэдийгээр залгамжлагчийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Баффет Ажит Жайн болон Грегоры Эбль нар ирээдүйд өөртэй нь болон ойрын хамтрагч 95 настай Чарли Мангер нартай гар нийлэн ажиллана хэмээн дурдсан байна.
Уоррен Баффетын дурдсан Жайн, Эбль нар олон жил Беркшир Хэтэвэйд ажиллаж өнгөрсөн жилээс захирлуудын зөвлөлд дэвшсэн ба Баффет Жайнтай илүү ойр гэж ажиглагчид таамагладаг. 2011 онд Энэтхэгт болсон арга хэмжээн дээр тэрээр “Ажит надад байгаагаас илүү их мөнгийг Беркшир Хэтэвэйд олж өгсөн. Би түүнийг дүү шигээ, хүү шигээ боддог” хэмээн ярьж байжээ.
Ажит Жайны аялал...
Баффетын залгамжлагчаар нэрлэгдэх хамгийн өндөр магадлалтай эрхэм Ажит Жайн 1951 онд Энэтхэгийн ядуу буурай мужуудын нэг Одиша /Орисса/-д мэндэлжээ. Энэ жил 67 настай тэрээр 1972 онд Харагпур муж дахь Технологийн хүрээлэнгийн механик инженерийн ангийг төгсчээ. Дараа жил нь Америкийн программ хангамжийн IBM технологийн компанийн худалдааны багт багтсан байна.
Тухайн жилд ажилд орохын зэрэгцээ Харвардын Бизнессийн сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдаж 1978 онд төгсөөд удалгүй МакКинси ба Ко компанид орж, найман жилийн дараа буюу 1986 оноос Беркшир Хэтэвэйн салшгүй нэг хэсэг болжээ. Даатгалын бизнесийн салбарт хөл тавьж Беркширт аль ч ажилтнаас илүү ашиг орлогын санг бүрдүүлж чадсан гавьяатай.
Ажит Жайн одоогоор Беркшир Хэтэвэй Давхар даатгалын компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Эх сурвалж: www.qz.com