Монголбанкнаас “тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” эзэмших компанийг сонгон шалгаруулах тендерийг зарласан ба өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 6-ны 16 цагт саналаа авч дуусан, ялагчийг зарлах гэж байна. Гэтэл энэхүү тендерийн шаардлагыг нэг компанид зориулан гаргаж, хууль зөрчих гэж байгаа баримт бидэнд ирлээ.
Тендерийн албан бичигт “Монголбанк нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилттэй хэрэгжүүлж буй төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд санхүүгийн байгууллагууддаа зориулсан тоон гарын үсгийн системийг суурилуулсан. Уг системийн үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэхэд хамтран ажиллах, “тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” эзэмших компанийн сонгон шалгаруулалт”-д оролцохыг урьжээ.
Цахим гарын үсэг олгох, гэрчилгээжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компани Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Бүгд татвар, нийгмийн даатгалд өргүй, үйл ажиллагаа нь хэвийн. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд гарын үсэг зурсан Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн албан бичиг уг дөрвөн компанийн заримд нь тулгуу иржээ. Дөрөвдүгээр сарын 24-нд Монголбанкнаас гарсан бичиг яагаад ингэж тулгуу ирсэнд тендер зарлагч нар л хариулт өгч чадах байх.
Монголбанкны тендерийн ялагч нь урьдчилаад тодорсон юм биш үү? Нэг компанид зориулан шаардлага гаргаж, жүжиг тавьж байна уу? Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хууль зөрчихөөс эмээхгүй болсон уу?
Иймд өнөөдөр 16 цагт зарлах уг тендерийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хэд хэдэн шалтгаан байна.
Нэгд, Монгол банкны харьяа Үндэсний цахим гүйлгээний төвөөс хамтран ажиллах саналыг цагийг нь тулгаж ирүүлсэн байна. Хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг 15 хоногт багтаан зарлах боломжтой ч оролцогчдод ялгавартай хугацаанд мэдэгджээ. Иймээс энэ нь хууль бус юм.
Хоёрт, хамтран ажиллах саналын шаардлагад хууль, журам зөрчигдсан шаардлагууд багтжээ. Тухайлбал, Монгол Банкнаас Банк санхүүгийн байгууллагуудад зориулсан цахим гарын үсгийн дэд бүтцийг суурилуулах сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд үүнд “Тридиум И сикюрити” ХХК нь шалгарч ажилласан байна. Уг шаардлагаар зөвхөн тухайн компани шалгарах заалт оруулж өгсөн байна.
Цаашилбал, Хамтран ажиллах саналын шаардлага дугаар 1-т “Монгол банкинд суурилагдсан санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн систем нь Монгол улсын нийтийн түлхүүрийн шаталсан тогтолцооны дагуу сонгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрчилгээжүүлэх байгууллагын дэд гэрчилгээжүүлэх байгууллага (Sub CA) байна” гэж заасан байх ба тус Монгол банкинд суурилсан системийг “Тридиум И сикюрити” ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр суурилуулсан. Хамтран ажиллах саналын шаардлагыг тус компанийн шийдэл, шаардлагад нийцүүлжээ.
Шулуухан хэлбэл, Монголбанк нь Монгол улсын цахим гарын үсгийн бодлогыг баримт бичгийг зөрчсөн, хуулийн олон заалтын зөрчиж, ижил үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад ямар нэгэн боломж олгохгүйгээр энэ талын бүхий л үйл ажиллагааг нэг байгууллагад хариуцуулах тендер зарлажээ.
Иймд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танаас өнөөдөр 16 цагт зарлах энэхүү хууль бус тендерээ цуцлахыг шаардаж байна!!!