Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр гурван намыг шинээр улсын бүртгэлд бүртгэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байна.
Ингээд Монголын Төв нам болон Капиталист намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгэжээ. Ингэснээр манай улс улс төрийн 32 дахь намаа бүртгээд байгаа ажээ.
Монголын Төв нам болон Капиталист намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахдаа хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.
Харин Миний Монгол Намыг бүртгүүлэхээр хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр Миний Монгол нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ. Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Бат-Ирээдүй нар гаргасан байна.