Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт эрдэмтэн, гүүш Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг нээх ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Орон даяар тэмдэглэж буй, бичиг үсгийн өдрүүдийн хүрээнд 111 жилийн ойг нь тохиолдуулан Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг нийслэлд анх удаа байрлуулан хүндэтгэл үзүүлж байна.
Хөшөөг нээх ёслолд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, Нийслэлийн Засан дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ШУА-ын дэд ерөнхийлөгч, ШУГА, академич Чулуунбаатар, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэнджав, Ц.Дамдинсүрэнгийн гарын шавь, гэр музейн эрхлэгч, доктор Р.Отгонбаатар нарын нийгэм, соёл, утга зохиолын зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн, иргэдийн төлөөлөл оролцлоо.