Таны хүү, охин, бидний хөөрхөн дүү нар энэ хавар сургуулиа төгсөх гэж байна. Хүссэн мэргэжлээ эзэмшлээ. Хүний зэрэгт хүрэх цаг мөч нь ирлээ.
Олон олон нойргүй шөнүүд, номын сан-гэр хооронд гарсан бяцхан жим, эцэг, эхийн ятгалга, гуйлт, тулгалт..., халаас хоосон ч сэтгэлээр хамгийн баян мөч ийнхүү шувтарч, ажил, амьдралын гараан дээр ирлээ.
Ажлын байр бэлэн үү?
Гэнэтийн, басхүү тулгуу энэхүү асуултад шууд хариулах арга боломж Монголд одоогоор алга. Манайхаас өөр, хөгжилтэй орнуудад төгсөгчдөд зориулсан ажлын яармаг үзэсгэлэн тогтмол зохион байгуулагддаг, компаниуд ч боловсон хүчнээ эрчтэй эрж хайдаг, ажлын байр санал болгодог, мөн дундын зуучлагч ихтэй байдаг гэх. Харин манайд ажлын яармаг ч гэж алга, компаниуд ч өөрсдөө эрж, хайх ажил зохион байгуулдаггүй хэвээр.
Ялангуяа, шинээр төгсөгчдөд Монголын Топ-100 аж ахуйн нэгжид ажилд орно гэдэг бол бараг бүтэхгүй зүйл. Хүн бүр онц сурдаггүй. Гэхдээ хүн бүр ажлын байраар хангагдах эрхтэй.
Төгсөгч, ажил зуучлагч хоёрыг хэн холбох вэ? Яаж Топ-100 аж ахуйн нэгжид ажилд орох вэ?
Энэ бүхэн хариултаа нэхсээр... Төгсөөд миний хүү, дүү хаана ажиллах бол? Хэн хариулт өгөх вэ? Би хэнд хандах вэ?
Бичээч Д.Төв