АН-ын хэсэг гишүүд намын дарга С.Эрдэнийг намын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардсан шаардлага хүргүүллээ. Тэд АН-ын чансаа түүхэндээ байхгүй уналтанд орсныг дурдаад шалтгаан нь намын дарга С.Эрдэнийн гаргаж буй улс төрийн алдаатай бодлого, үйл ажиллагаа гэдгийг онцоллоо. Тиймээс доорх 15 үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Тухайлбал, шаардлагын 14-рт,
Намын дарга С.Эрдэнэ намын дотоод сонгуулийн хороог даргын захилга биелүүлдэг тоглоомын байгууллага болгосон. Намын бүх шатны дотоод сонгуульд оролцож хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэ гэдгийг өөрийн үзэмжээр шийддэг болсон. Улмаар намын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж ротаци нэртэй мөнгөний сонгууль явуулдаг болсон.
15-рт, МАН-ын "60 тэрбум”-ын схемийг АН-д хэрэгжүүлж намын бүх удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлж зарсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг 250 сая, Нийслэлийн намын даргад нэр дэвшигчийг 90 сая, дунд шатны намын даргад нэр дэвшигчийг 20 сая, Залуучуудын холбоонд нэр дэвшигчээс 125 сая төгрөг авах мөнгөн босго тавьдаг болж АН-ын мөнгөний нам болгосон, гэжээ.
Улмаар намын Онц их хурлыг 05-р сарын 16-ны өдрийн дотор хуралдуулахыг ч шаардлагадаа тусгажээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ ч онцоллоо.