"Баянзам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр 11.30 цагаас Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлаж байгааг мэдэгдлээ.
“Баянзам” тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн П.Баярхүү “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байна. Одоо нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 170 орчим компани бидэнтэй нэгдэж байгаа гэдгээ мэдэгдээд байна.
Яагаад бид ажил хаялт зарлаж байгаа вэ гэхээр сүүлийн 14 хоногийн хугацаанд нүүрс тээврийн үнэ огцом уналаа. Нүүрсийг тонн тутмыг 115 юаниар зөөдөг байсан бол одоо 65 юаниар нүүрс зөөж байна. Тээврийн үнэ ингэж огцом унаснаар нүүрс тээвэрлэгч компаниуд ямар ч ашиггүй ажиллаж, үйл ажиллагаа доголдоход хүрлээ.
Иймд бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Хятадын талаас тээврийн үнийг унагаах ажлыг хийж байна. Иймд нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгнө үү. Мөн нүүрсний тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 13-ны дотор хийхийг шаардаж байна” гэв.
Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн зохицуулагч С.Бат-Эрдэнэ “Эрдэнэс-Монгол ХХК тээвэр ложистикийн салбарыг авч хөгжүүлэхээр байгуулагдаж байсан. Гэвч өнөөдөр тээврийн салбар орхигдлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн дөрөвдүгээр сард Тавантолгойд ажиллах үеэрээ замын чанар, тэмдэг тэмдэглэгээг энэ зургадугаар сарын 01-ний дотор сайжруулах үүрэг даалгавар өгч байсан. Гэвч энэ ажил хэрэгжсэнгүй. Зам, замын тэмдэг тэмдэглэгээ муутайгаас үүдэн осол аваар гарах хүний амь нас хохирох явдал гарсаар байна.
Монгол Улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын компаниуд төлбөр тооцоогоо юанаар хийж байгаагаас үүдэн Монголын компаниудыг эрсдэлд оруулж байна. БНХАУ-ын нүүрс тээврийн компаниуд нүүрс тээврийн үнийг тавдугаар сарын 03-наас эхлэн тонн тутмыг 70 юань болгон бууруулсан. Ингэснээр нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд нэг рейс хийхэд 1.8 сая төгрөгийг тээврийн хөлсөндөө авч байна. Үүнд шатахууны зардалд 700 мянга, замын хураамж 208 мянга гэх мэт зардлуудаа нэмээд байхад нийт урсгал зардал нь 1.5 сая төгрөг болж байна. Үлдэж байгаа 300 мянган төгрөгөөр засвар үйлчилгээ, цалин, удирдлагын зардлаа гаргахад хүрэлцэхгүй байна” гэсэн юм.
-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд нүүрс тээврийн хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Үндэсний 170 гаруй компани байна. Манай Улсын компаниудын нэр дээр бүртгэлтэй 2000 орчим хүнд даацын машин байна. Энэ нь нийт тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын ердөө 20 хувьтай тэнцэж байгаа. Нүүрс тээврийн салбарын орлого ашгийн 80 хувийг хятадын компани, иргэн авч байгааг өөрчилмөөр байна. Монголчуудад ирж байгаа орлого ашгийг нэмэгдүүлэх цаг болсон. Тавантолгойд ажиллаж байгаа 12,000 жолоочийн орлого ашгийг нэмэгдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар ажиллах ёстой. Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлснээр Монголын айл өрхүүдийн орлого нэмэгдэнэ.