Дарханы бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Г.Гантулгатай ярилцлаа.
-Дарханы “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас тасдаж авсныг та бүхэн эсэргүүцэж байгаа юм байна. Яг юу болсон юм бэ?
-Би Дархан нутагт төрж өссөн хүн. Биднийг бага байхад л Хүүхдийн парк гэдэг нэртэй, 44 га газар хотын хамгаалалтад байсан. Тэнд Дарханы хүүхэд багачууд, ахмад буурлууд маань цагаа өнгөрүүлдэг хамгийн тайван сайхан орчин. Хүүхдийн паркийн тохижилтод ард иргэд, пүүс компаниуд сэтгэл зүтгэл гаргаж оролцоод “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г барьж байгуулаад, алхаж, амардаг сайхан орчин болсон юм. Өмнө нь хувийн компаниуд энэ хэсэг газрыг аваад тохижуулъя гэсэн санал санаачилга гарч байсан. Дархан залуусын хот. Энэ ч утгаараа Хүүхдийн паркийг тохижуулж, амралтын орчин болгохыг хэн ч эсэргүүцээгүй. Бүгд дэмжиж байгаа.
Гэхдээ одоогийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хамгийн тохижилт сайтай, олон улсын А зэрэглэлийн зам дагуу байршилтай хэсгийг нь тастаж аваад, хувийн компанид олгож байгаа үйлдэл нь нэгдүгээрт эрх ашгийн зөрчилтэй, хоёрдугаарт хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. 2018 онд Аймгийн ИТХ хуралдаад энэ Хүүхдийн паркийн газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Ингэснээр Хүүхдийн паркад янз бүрийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах, газраас нь тастаж авах, бусдад зуучлах худалдах түрээслэх үйл ажиллагааг зогсоож, хуулиар хамгаалагдсан орчин болсон. Тусгай хамгаалалттай газрыг энэ зориулалтаар нь ашиглаад явах учиртай. Гэтэл яг энэ хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах оршин суугчдын хүсэл дээр дөрөөлөөд, өнгөрсөн онд Хүүхдийн паркад зургаан ширхэг тоглоом байрлуулахаар худалдаж авах тендер зарлаад, тэр нь будлиантай болсон.
Ерөөсөө компаниуд орж ирээгүй гээд байгаа юм. 1,2 тэрбум төгрөгөөр тоглоом худалдаж аваад нийлүүлчих компани Дарханд олон бий. Минж проперти компанитай холбоотой Ти Эс Жи гэдэг компани тендерт нь ялсан байгаа юм. Ялахаас нь өмнө эхлээд тэр тендер нь хүчингүй болоод, захиалагч буюу Дархан-Уул аймгийн Засаг дарга өөрөө шууд гэрээ хийх эрхийг нь олгоод, Ти Эс Жи гэдэг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт ажил үйлчилгээ явуулдаг компанитай гэрээ хийжээ. Тоглоомыг худалдаж аваад, суурилуулах гэрээ хийх байтал зөвхөн худалдаж авахаар хийгээд, он гарангуут худалдаж авсан тоглоомуудаа суурилуулах ажлыг нь тусдаа хийжээ. Дээр нь ахиад Соёл амралтын цогцолбор барина гэсэн тендер зарласан байгаа юм. Энэ тендерт нь Минж проперти гээд барилга барьдаг компани, охин компани болох Бурхантын ирээдүй гэдэг компанитайгаа шалгарчээ.
Ингээд ноднин жил тендерт шалгарсан Ти Эс Жи компанийн оруулж ирсэн зургаан ширхэг тоглоомыг Минж угсраад, цаашдаа цогцолбор барих, үйлчилгээ үзүүлэх менежментийг “Бурхантын ирээдүй” нь хариуцахаар шалгарсан юм билээ. Гэтэл энэ шалгаруулалт бас хязгаарлагдмал хүрээнд явсан. Дарханчууд шалгаруулалтын мэдээллийг аваагүй. Дарханы вэб сайтаар л тавьсан гэсэн. Өөр компани орж ирээгүй тул энэ компанийг шалгарууллаа гэж тайлбарлаж байна.
Энд эрх ашгийн зөрчил харагдаад байгаа юм. Тэр тоглоомыг аваад суурилуулаад явна. Үлдсэн тоглоомыг яаж ажиллуулахыг нь аймгийн захиргаа буюу Засаг даргын тамгын газар мэдээд явах бүрэн боломж бий. Засаг даргын тайлбараар бол энэ тоглоомыг ажиллуулахад эдийн засгийн хувьд хүндрэл үүснэ. Тийм учраас хувийн компанид шилжүүлж, менежментийн хувьчлал хийж байгаа юм гэж тайлбарладаг. Парк нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа. Харуул хамгаалалт, арчилж тордох ажлыг тэр хүмүүс хариуцдаг юм. Энэ зургаан тоглоомон дээр ажиллах хүн гаргаад, цалинжуулаад явах нь аймгийн хувьд асуудал биш. Ингээд явахын оронд хувийн компанид өгч байна. Дарханы залуус суурилуулж байгаа тоглоомуудыг очиж харсан, хэмжилт хийсэн байна лээ. 1,8 га газарт л багтааж болох байтал 8,4 га газрыг тусгай хамгаалалтаас гаргуулсанд хамаг учир нь бий. Хэдэн тоглоом суурилуулахдаа 120 автомашины зогсоол барьж эхэлсэн. Дараагийн алхам нь тоглоом ашиггүй учраас зочид буудал барихаас өөр аргагүй, зугаа цэнгэлийн газар, казино байгуулахаас өөр аргагүй гээд явах нөхцөл бүрдлээ гэж бид болгоомжилж байгаа юм. Бизнес эрхлэгчид ашгийн төлөө л явна шүү дээ.
-Тоглоомын чанарыг нь та бүхэн анхаарсан уу?
-Манай залуус очиж үзсэн. Үндсэндээ хуучны тоглоомууд байна гэж үзэж байгаа. Хуванцар, эргэдэг тоглоомууд, мөргөлддөг машинууд байна лээ. Хятадын вэб сайтаас ороод үзэхэд монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөгийн тоглоом байх жишээтэй. Үүнийг ч бид шалгуулна. Тэрбум 200 сая төгрөгөөр ямар тоглоом авчрав гэдгийг заавал шалгах ёстой. Авчирсан хүмүүс нь талбай дээрээ гагнаад, үдэж, өрөмдөөд, цоолоод суугаад байгаа юм. Бараг гар хийцийн тоглоом юм биш үү гэж иргэд ярьж байна лээ. Хүүхдийн аюулгүй байдалд санаа зовж эхэлсэн. Хүчтэйхэн шиг дарчихвал хугарахаар морьд байна гээд зарим иргэн гомдол гаргасан. Эхнээсээ будаг нь халцарсан. Жилийн дараа гэхэд тоглоом ч байхгүй. Ажиллуулах компани зочид буудлаа бариад, орлого олж байх дүр зураг харагдаад байгаа юм. Улаанбаатарт Хүүхдийн паркийг ямар болголоо. Хятад, солонгосчуудтай казино, зочид буудал байгуулна гэж яриа хөөрөө болсон гэсэн мэдээлэл ч бидэнд ирсэн.
Минж проперти компани Дархан хотын А зэрэглэлийн бүсэд орон сууцны том хороолол босгодог. Барилга бариад ашиг олох талаар Дарханд тэргүүлдэг компани. Энэ компани яагаад Хүүхдийн паркийн газар луу дайрч орж ирж байгаа юм бэ. Бид Паркийн газрыг тусгай хамгаалалтаас гаргасныг л эсэргүүцэж байгаа юм. Нэг ноцтой юм нь С.Насанбат Засаг дарга өөрөө Минж компанийн байранд амьдарч байгаа шүү. Аймгийн ИТХ 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хуралдаж энэ асуудлыг хэлэлцэхэд л бид эсэргүүцсэн. Зүй нь ИТХ-аар хэлэлцэх асуудлыг гурваас долоо хоногийн өмнө иргэдийн төлөөлөгчдөд танилцуулдаг ёстой. Тэгээгүй. Шууд барьж орж ирээд танилцуулаад баталсан.Тусгай хамгаалалтаас гаргахын тулд маш олон бичиг баримт бүрдүүлж чөлөө зөвшөөрөл авдаг. Энэ процедур явагдаагүй. Тоглоом, соёл амралтын чиглэлээр ажиллахад зориулалт нь өөрчлөгдөөгүй байхад яагаад заавал тусгай хамгаалалтаас гаргах болов?
Тусгай хамгаалалтаас гаргаж байгаа үндэслэлийг нь асуухаар Тусгай хамгаалалттай газрын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн 33-ын 1-т юу гэж заасан гэхээр “Гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан. 2-р заалтад нь Гэрээгээр ажиллуулах тохиолдолд тухайн гэрээг таван жилээс илүүгүй хугацаагаар хийнэ гэж заасан. Нэг удаагийн сунгалт нь таван жилээс илүүгүй байна гэсэн. Тав таван жилээр тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагааг хянаж байх ёстой. Энэ заалтыг бариад олон жил 20-30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх учраас тусгай хамгаалалтаас гаргаж байгаа юм гэж тайлбарласан.
Парк гэдэг нийтийн эдэлбэр газар. Нийтийн эдэлбэр газрыг хувьчлах түрээслэх, тохижуулах асуудал зайлшгүй ард иргэдийн оролцоотой, багийн иргэдийн нийтийн хурал, Дархан сумын ИТХ-аар эхлээд хэлэлцэх ёстой юм. Танай 14-р багийн нутаг дэвсгэрт байгаа паркийн газрын энэ хэсгийг ингэж өөрчлөх гэж байна гээд танилцуулаад, иргэдийн санааг аваад, явах ёстой. Дархан сумын ИТХ яагаад үүнийг хэлэлцэхгүй байна. Энэ нь Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг бас зөрчиж байгаа юм.
-Олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн хувийн компани гарч ирээд байхад яагаад төсвийн тэрбум төгрөгөөр тоглоом аваад байгаа юм бол?
-8,4 га газар дээр Хүүхдийн тоглоомын талбай, соёл амралтын цогцолбор барьж байгуулна гээд гурван тэрбум төгрөг аймгийн ИТХ-аар баталсан юм. Үүнийхээ 1,2 тэрбумаар нь 2018 онд зөвхөн зургаан ширхэг тоглоом худалдаж авна гээд тендер зарласан. Үлдсэн 1,8 тэрбумаар нь нийтийн жорлон, кофе шоп, номын сан гээд дарханчуудад хэрэгтэй зүйл хийнэ гээд анх 3 тэрбум төгрөг баталсан. Гэтэл энэ ажил явж байхад дундуур нь хувийн компанид газар тастаж өгөөд төсвийн нэг тэрбум төгрөгийг луйвардсан хэрэг болж байгаа биз дээ. Ард иргэдийн санал бодлыг аваад, энэ мөнгийг төсөвт тусгачхаад хувийн компанид өгөх сонирхол нь давамгайлаад байна шүү дээ
-Та бүхнийг эсэргүүцэхээр аймгийн удирдлага яаж хүлээж авч байгаа вэ?
-Бид аймгийн иргэдийн хурлын зөвлөгөөний үеэр орж шаардах бичиг өгсөн юм. Паркаар алхаж байсан мянга гаруй жирийн иргэдээс саналыг нь авч, гарын үсэг цуглуулсан юм. Аймгийн ИТХ-ынх дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат хоёрт зөвлөгөөнийн үеэр гардуулсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандаж бас хууль бус тогтоолоо цуцлах уриалга гаргасан. Тухайн компанитай гэрээ хийгээд илүү том хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа дээр нь тогтоолоо цуцлахгүй бол нэгэнт гэрээ хийсний дараа өөрчилбөл оруулсан хөрөнгөө төлүүлэх асуудал үүснэ шүү дээ. Ийм учраас асуудлыг дөнгөж эхэлж байх үед нь гаргаж тавьж байгаа юм. Тусгай хамгаалалтаас гаргасныг эсэргүүцэж байна. Тендер будилаантай болж, оруулж ирсэн тоглоомууд чанаргүй байна гэсэн шаардлага тавьсан юм. Дараагийн удаад ч аймгийн удирдлага иймэрхүү хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар асуудал тавина.
Тэр тоглоомыг авчраад суурилуулна гэдэг тендер зарлахын оронд худалдаж авах гэдгээр нь зарлаад, дараа нь менежментийн хувьчлал нь болохоор нөгөө тоглоомыг нь суурилуулаад, ахиад амралт зугаалгын газар бариад, бид 20-30 тэрбум төгрөг оруулаад гоё болгоно гээд байгаа юм. Төсөвт 3 тэрбум тусгасныгаа одоо яах юм. Үлдсэн 1,8 тэрбумыг нь хувийн компанид бас шилжүүлээд, нэг мөсөн ивээн тэтгэснээрээ тэтгээд явах юм уу?
Аймгийн ИТХ-аас өчигдөр хариу ирсэн юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 34-ийн 1-т зааснаар газар ашиглах гэрээний хугацаа таван жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаа сунгах хугацаа таван жилээс ихгүй байна. 37-гийн дөрөв дэх заалт буюу гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл журам, уг газрыг нөхөн сэргээх засч тохижуулах хүлээлгэн өгөх гэж хуульчилсан байдаг.
Иймд энэ нь урт хугацаанд хэрэгжих төсөл учраас ИТХ-аар хэлэлцээд олонхын саналаар уг шийдвэрийг гаргасан болно. Г.Эрдэнэбат гэж байгаа юм. Арван жилийн дараа уг газрыг нь буцааж авна гэхээр байшин барилгыг нь яах юм гээд эш мухаргүй тайлбарлаад байгаа юм. Түүхт газар, онгон байгаль энэ тэртэй холиод байгаа юм. Бид тогтоолыг нь хүчингүй болгохоор шүүхэд хандах юм уу, АТГ-т хандаж, дараагийн арга хэмжээ авна.