СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-05-06

“Тавантолгой” ХК тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.МЯГМАРБАЯР

Ногдол ашиг тараалтаар улсдаа тэргүүлдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” компани энэ жил өмнөх жилээс ашиг нь нэг дахин буурсан ч нэг тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараах шийдвэрийг өнгөрсөн сарын 29-нд хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн юм. Тус компани 2017 онд Монгол Улсын түүхэнд анх удаа өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн хэмжээ 141 тэрбум төгрөг байсан нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг нийт хувьцаат компанийн тараасан ногдол ашгийн 87 хувийг эзэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн онд 52 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж үүнийнхээ 85 хувьд нь буюу нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах юм. Энэ нь нэгж хувьцаа 853 төгрөгт тооцогдож буй. Тус компанийн хувьцааг 23 улсын 1000 гаруй иргэн эзэмшдэгийн дийлэнх хэсгийг нь орон нутгийн иргэд, тус үйлдвэрт гурван үеэрээ ажиллаж байсан ахмад, дунд, залуу үеийн уурхайчид эзэмшдэг.

Хурлын үеэр хувьцаа эзэмшигч, ахмад уурхайчин, Монгол Улсын аврага тариаланч Г.Дамчий “Би 1973 онд улсын үйлдвэр байх үеэс дизельчнээс тэсэлгээчин хүртэлх бүх дамжлагад ажиллаж байлаа. Сум орон нутаг, аймагт үр ашгаа өгсөөр байгаа анхны ууган уурхай. 1995 онд олон нийтийн хувьцаат компани болоход манайх есөн хүүхэдтэй байсан. Тэднийхээ бүх хувьцааг нийлүүлж 349 ширхэг хувьцаа авсан юм. Анхны ногдол ашиг гэж нэгж хувьцаанд 20 мөнгөөр тооцож хүн бүрт олгосон. Тэгэхэд манай компанийн удирдлагууд нэгж хувьцааны мөнгө цаашид өснө. Тиймээс арвижуулна гэвэл авахгүй байж болно гэсэн. Гэтэл дараа жил нь огцом өсч төгрөгт шилжсэн. Түүнчлэн 2004 оноос нүүрсээ экспортод гаргаж эхэлснээс хойш ашиг орлого өсч энэ хэмжээгээр хувьцааны ханш өссөөр 1.4 саяд хүрсэн. Энэ жилээс ажилчдын цалин, үр дүнгийн шагналыг нэмэх болсон. Манай уурхайчдын цалин бусад уурхайн ажилчдын цалингаас даруй бага хэдий ч амьдралд нь хүрэлцдэг. Мөн гэр бүлээрээ уурхайд ажилладаг гэр бүл олон бий. Цалин бага гээд тэд өөр уурхай сонгоогүй. Энэ юу хэлээд байна вэ гэхээр уурхайн удирдлагууд бага бүтэцтэй чадварлаг ажилчид компанийн үнэ цэнэ гэдгийг ухаарсан. Нөгөөтэйгүүр энэ нутгийн уугуул иргэд гурван үеийн уурхайчид ажилладаг нь ашиг орлоготой тогтвортой ажиллах үндэс нь болдог. Ямар ч хүндрэл бэрхшээлийг даван гарч чаддаг нь уурхайчдаа, сум орон нутгаа дээдэлсэн нийгмийн хариуцлагын үр дүн юм” гэсэн юм.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Ганбаяр даргатай “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-ийн /КЗҮЗ/ “Сайн засаглал” хөтөлбөрийн багийнхан оролцсон юм. Хуралдаанаас ТУЗ-ийн санаачлагаар компанийн засаглалыг сайжруулах комплаенс нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн хүрээнд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр нар хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Комплаенс гэдэг нь компанийн дотоод хяналтыг олон улсын стандартад хүргэх, засаглалын ил тод байдлыг хангаж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хариуцлагатай уул уурхайн олон улсын шинэ стандартыг нэвтрүүлэх юм. Түүнчлэн олон нийттэй харилцах хөтөлбөр, нийгмийн хариуцлагын олон улсын ISO 26000 стандартын долоон үндсэн зарчмыг хангуулах юм. Ингэснээр тус компани дэлхийн стандартад нийцсэн нийгмийн хариуцлагыг дээдлэгч жишиг компани болно гэж КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр онцолж байлаа.

Хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид орон нутгийн болон төрийн өмчит бусад компанид хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй аж.

“Тавантолгой” ХК-ийн улсад төлсөн татвараар 1050 км зам барина

“Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 330 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол “Тавантолгой” ХК 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өмнөговь аймаг улсын төсөвт мөнгө төвлөрүүлдэг цөөн аймгийн нэг. Орон нутгийн “Таван толгой” ХК аймгийнхаа төсвийн 70 хувийг бүрдүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн нэг завод гэхэд л 600 гаруй ажилтантай. Ажилтны тооны хувьд ч их зөрүүтэй. Өдгөө орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Сэддорж ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Мөнхбаяр, компанийн дэд захирал Ц.Батсайхан нар нутгийнхаа иргэдийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлийг тус компанийн ололт амжилтаас харж болох юм.

Гэхдээ энэ удаагийн хурлаас ТУЗ-ийн даргыг өөрчилж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатыг сонгосон юм. Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь хамгийн өндөр ханштай тус компани сүүлийн .

Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, хувийн өмчит “Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ууд дундаас дотоод зах зээлд буюу иргэдийн хүссэн хэмжээгээр нүүрс борлуулж байгаа нь зөвхөн “Тавантолгой” ХК. Эднийх сүүлийн 10 жилд улс болон орон нутгийн төсөвт 423.4 тэрбум төгрөгийн татвар, ногдол ашиг төвлөрүүлж, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг, Цогтцэций сумын төсвийн 95 хувийг дангаараа бүрдүүлжээ. Энэ бүхнийг нь үнэлж 2018 онд “Шилдэг татвар төлөгч-Орон нутагтаа ээлтэй компани”-аар шалгаруулсан байна. 53 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК нь эдийн засгийн хүнд үед ч үйл ажиллагаагаа зогсоолгүй өр зээлгүй, амжилттай ажилласаар ирсэн.

Энэ шагнал нь тус компанийн нийт ажилчдын хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн явдал юм. Татварт төвлөрүүлсэн орлогоор орон сууцны таван хороолол барих боломжтой. Мөн 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл 578 ширхэг цэцэрлэг байгуулж, 173.400 хүүхэд хамрагдах боломжтой аж. Түүнчлэн төрийн албан хаагчийн нэг жилийн цалин 7.5 сая төгрөг. Тэгвэл эдний татварт төлсөн мөнгөөр 50 жилийн хугацаанд 1.540 төрийн албан хаагч ажиллуулах цалинтай тэнцэх юм. Нөгөөтэйгүүр нэг км замыг 550 сая төгрөгөөр барина. Тэгвэл 578 тэрбум төгрөгөөр 1.050 км замыг барьж байгуулж болно. Товчхондоо сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт ийм л орлого оруулж, үр дүнтэй ажилласан байна. Нөгөө талаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан, цалин, хөрөнгө оруулалт гээд тооцвол шууд үр дүнгээрээ хамгийн үр ашигтай ажиллажээ. Одоо тус компанийн байрлаж байгаа Цагаан Овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажил мөн усны хомсдол, тоосжилт, нүүрсний гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад төсвийн орлого бүрдүүлэлт нэмэгдэхээр үүнийг дагасан олон тулгамдсан асуудал бий болно. Энэ бүгдийг удирдлагууд өөрсдийн боломжоор шийдвэрлэхээр ажиллаж байна.

2019.5.6 ДАВАА 93 (6060)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.