Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа ажээ. Гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2019 оны 05 дугаар сарын 03- 18-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн уулзварыг хаахаар болжээ.
Ингэхдээ Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлах аж. Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино.
Үүнтэй холбоотойгоор Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн байна. Иймд бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд та бүхнийг хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.