Энэтхэг улсын зүүн эргийг Фани далайн хар салхи чиглэн ирж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Хар салхи хуурай газарт хүрсэн ба эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сая орчим иргэнийг нам дор, далайн эргийн бүсээс холдуулж 850 гаруй түр орогнох байр луу шилжүүлээд байна.
Орон нутгийн цагаар баасан гарагийн өдөр 15 цагийн байдлаар Баруун Бенгал мужийн нийслэл Колкатад хар салхины улмаас бүх нислэгийг цуцалсан тухай мэдээллээ. Уг нь нисэх буудлын үйл ажиллагааг шөнийн 21:30 минутад зогсоохоор төлөвлөж байжээ.
Орисса буюу Одиша мужид ширүүн бороо асгарч эхэлсэн ба салхины хурд 175 км/цагт хүрнэ гэж таамаглаж байна.
Фани далайн хар салхи Энэтхэг улсад 20 жилийн хугацаанд тохиогоогүй хүчтэй ширүүн бороо, салхин шуурга, байгалийн гамшигт үзэгдэл дагуулна хэмээн эрх баригчид сэрэмжилж байгаа юм. Хар салхи зүүн хойд эрэг рүү чиглэж байгааг цаг уур судлаачид анхааруулжээ.
Энэ зуур Бангладеш руу Мьянмараас дүрвэж ирсэн Рохинжа дүрвэгсдийн хуаран хүчтэй далайн шуурганд өртөх аюултай байгааг эх сурвалжууд мэдээллээд байна.
Эх сурвалж: www.cnn.com