ХААН банк Монгол орны өнцөг булан бүрт салбартай, АТМ-ын байршил, тоогоороо ч тэргүүлдэг болоод ч тэр үү, банктай холбоотой гомдол, мэдээлэл олон нийтийн сүлжээ, цагдаагийн газар, хэлтсүүдэд өдөр бүр гардаг ч энэ бүхнийг үл ойшоодгоороо харилцагч, үйлчлүүлэгчид бидэнд хэдийнэ "танил" болжээ. Учир нь харилцагчдаа гомдоосон үйлдлээ эс зөвшөөрч, бараг тэднийг буруутгадаг нь гэм биш зан болсон.
Арилжааны банк бол иргэдийн итгэл дээр тогтож байдаг эмзэг байгууллага. Ийм эмзэгхэн салбарт ажиллагсдын болчимгүй үйлдэл тухайн банкных нь нэр хүндэд асар их хор хохирол учруулж байдаг.
Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ дансаас дур зоргоороо мөнгө татах явдал маш их гарч байна. Хамгийн гол нь Хаан банкны зүгээс санаатай, санаандгүй нь үл мэдэгдэх ийм завхарсан явдлыг олон гаргаж байгааг иргэд байнга олон нийтийн сүлжээнд бичдэг. ХААН банкныхан үйлчлүүлэгчдийнхээ данс руу хууль бусаар нэвтэрч, мөнгөнийх нь хэмжээг мэдэж авдаг. Улмаар тэр мэдээллээ ашиглан тухайн иргэнээс мөнгө зээлээч хэмээн шахамдуулдаг тохиолдол цөөнгүй гарсан.
Тухайлбал, Дундговь аймгийн Дэрэн, Булганы Гурванбулаг сумынхан ХААН банкныханд итгэх итгэлээ бүгдээрээ шахам алдсан гэхэд хилсдэхгүй. Тус банкны дээрх сумд дахь салбарын эрх бүхий албан тушаалтнууд иргэдийн хадгаламжийн данс руу хууль бусаар нэвтэрч мэдээллийг нь авч залилсан эрүүгийн хэрэг өдүүлсэн учраас сумын 2000-3000 иргэн тэр чигтээ ХААН банкнаас татгалзахад хүрсэн байдаг.
Түүгээр зогсохгүй харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ данснаас цахимаар мөнгө шилжүүлж авчихаад, тэрийгээ банкны бус программын алдаа хэмээн хаацайлж өнгөрөх тохиолдол олон. Их, бага хэмжээгээр данснаас нь мөнгө гараад явчихаар харилцагч, хадгаламж эзэмшигчид мэл гайхаж, цэл хөхрөх нь тодорхой. Тэгээд удалгүй 2-3 хоногийн дараа буцаагаад хийчихдэг нь яалт ч үгүй тус банкны ажилтнуудын хийх л үйлдэл. Данс эзэмшигч өөрөө огт гүйлгээ хийгээгүй байхад ийм явдал гаргадаг нь ХААН банкны ажилтнуудтай шууд холбоотойгоос гарцаагүй.
ХААН банкны орон нутаг дахь нэгэн салбарт теллерээр ажиллаж байгаад 114 хүний тэтгэврийн мөнгийг завшсан хэргээр ял шийтгүүлсэн нэгэн эрийн эхнэр нь цалингийн зээл авахаар ханджээ. Гэтэл банк зээлийн мэдээллийн санд муу зээлтэй хэмээн эхнэрт нь цалингийн зээл олгохоос татгалзсан байна. Теллер эр 2004 онд үйлдсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж, ял шийтгүүлэн, хохирлоо барагдуулж ирсэн ч 5.5 сая төгрөгийн муу зээлтэй хэмээн ХААН банкныхан дүгнэсэн аж.
Тиймээс тухайн эр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Тэрбээр нэхэмжлэлдээ “Миний эхнэр 2015 оны сүүлчээр Төрийн банкнаас цалингийн зээл авах гэж очтол Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн муу зээлтэй байна. Тодруулбал, ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 5.5 сая төгрөг төлөөгүй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан. Өөр бусад арилжааны банкуудад хандахад бас л дээрх байдлаар зээл олгох боломжгүй гэсэн хариу өгдөг. Миний бие ХААН банкнаас урьд өмнө огт зээл авч байгаагүй, аль ч банкинд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөргүй. ХААН банкинд би өглөгтэй нь үнэн. Гэхдээ энэ бол зээл биш. Уг өглөгийг мэдээллийн санд оруулснаас болж эхнэр минь зээл авч чадахгүй байна. ХААН банк нь гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлыг миний нэр дээр муу зээлийн санд бүртгэсэн байх юм. Дээрх мөнгө нь зээлийн ангилалд орох ёсгүй. Энэ нь манай гэр бүлийнхэн бүх банкнаас төрөл бүрийн зээл авах үед саад болж, бидний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэжээ.
Шүүх энэ хэргийг хэлэлцээд ХААН банк хууль зөрчсөнийг тогтоосон юм. Тодруулбал, нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулснаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэжээ. Түүний банкинд төлөх 5.5 сая төгрөгийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ ХААН банк Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5.1.2-т заасан зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх гэж заасан байхад нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүйгээр мэдээлэл нийлүүлсэн нь уг хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ. Нэхэмжлэгч нь ХААН банкинд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй болохоос зээлийн мэдээллийн санд дурдсанчлан зээл аваагүй байхад ХААН банк нь Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөн буруутай байна. Тиймээс нэхэмжлэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас арилгахыг ХААН банканд даалгасугай” гэж шүүх шийдвэрлэжээ.
Хуурамч бичиг баримт, гэрээ хэлцэл үйлдэж, нотариатчийн тамга тэмдэг ашиглаж эд хөрөнгө залилж байсан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан саяхан илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэдэнд ХААН банк бусдыг хохироох, өөрсдөө ч хохирох боломж олгосон гэхэд хилсдэхгүй нь.
Учир нь хэрэгт холбогдогч, залилагчийн нэг нь ХААН банкинд ажиллаж байсан бөгөөд хүмүүсийн зээлийн гэрээ, бичиг баримтын хуулбар зэргийг олж авч дуурайлган хийх аргад суралцсан байна. Ингээд ХААН банкинд хуурамч бичиг баримтаа тавьж их хэмжээний зээл авчээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн III хороонд байрлах нэгэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, огт үйл ажиллагаа явуулдаггүй компанид инженерээр ажилладаг, 3.5 сая төгрөгийн цалинтай хэмээн тодорхойлолт, үнэмлэх гарган ХААН банкнаас автомашины лизингийн 148 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. Улмаар нөгөө машинаа цааш нь автомашины ломбардад хуурамч бичиг баримтаар тавьж, 50 сая төгрөгийн зээл авчээ.
ХААН банкинд ажиллаж байгаагүй, танил талгүй жирийн иргэд биднийг автомашин, цахилгаан барааны лизингийн зээл хүсэхэд тус банкныхан хичнээн явдал чирэгдэл болж, хурууны хээ уншуулан, Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас ч бусад зээлээ төлж буй байдлыг нарийвчлан шалгадаг. Гэтэл ХААН банкинд ажиллаж байсан, эсвэл танил талтай нэгэн бол хуурамч бичиг баримт бүрдүүлж очоод л маш их хэмжээгээр зээл нэрээр харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авчихаж болдог жишээ энэ буюу. Тэгэхээр хууль бус үйлдэл цөөнгүй гардаг, иргэдийн данс руу дураараа нэвтэрдэг энэ банкинд итгэж мөнгөө хадгалуулна гэдэг эрсдэлтэй мэт. Уншигч та бүхэн нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгаана биз.
Дашрамд дурдахад, Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ХААН банкны Японы хувьцаа эзэмшигчид хувьцаагаа “Таванбогд” группийнхэнд худалдаад Монгол Улсаас гарч буй гэх мэдээлэл байна. Ямар учраас ийнхүү гарах болсон нь одоогоор тодорхойгүй буй юм.