Сүүлийн өдрүүдэд хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг их гарч, тэр хирээр олны анхаарал ч хүүхдийн хүчирхийллээс хэрхэн ангижрах вэ гэсэн асуултад чиглэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
- Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон, адгууснаас дор авир гаргаж байгаа эрчүүдийн талаар олон удаа ярьж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөдөр хүрлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хуулиуд гарсан ч хуулийн ялын бодлого ач холбогдол өгч чадахгүй байна. Тиймээс ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэж бид үзэж байна.
Нэгдүгээрт, хүчингийн гэмт хэрэг үйлдэгчийг бүх насаар нь гянданд хорих шаардлагатай. Хуулинд ийм заалт оруулж, чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих заалт оруулъя гэж бид үзэж байна.
Хоёрдугаарт, ийм гэмт хэрэгтнүүд өршөөлийн хуулиар маш олноороо суллагддаг. Тиймээс ямар ч төрлийн өршөөлийн хуульд хүчингийн гэмт хэрэгтнүүдийг хамруулдаггүй байх заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулъя гэж зорьж байна.
Хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна. УИХ дээр орж ирсэн Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд ч мөн хүчирхийлэгчид оноох ял шийтгэлийг чангаруулах, хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх үүргээс татгалзсан эцэг эхчүүдтэй тооцох хариуцлагыг ч илүү чангаруулах шаардлагатай гэж бид үзэж байна.
Мөн хүүхдийн өмчлөх эрхийг хуулинд тусгаж өгөх хэрэгтэй. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллах тодорхой цагийг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр оруулж өгөх, өрх толгойлсон ээж нарт хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх цагийг зохицуулж өгөх, ачааллыг бууруулах чиглэлийн хуулийн заалтыг нэмж оруулах хэрэгтэй байна.
2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 хүн хохирсон. Үүний 238 буюу 48,7 хувь нь хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, хүчингийн гэмт хэргийг дийлэнх нь хүүхэд хүчирхийлэх үйлдэл рүү шилжиж байгааг эндээс харж болно. Тиймээс хамгийн гол нь хуулиудыг чангатгах шаардлагтай тулгарч байна. Мөн хэвлэл мэдээллийнхэнд ийм төрлийн гэмт хэрэгтэй холбоотой материалуудыг нээлттэй өгч, нийгэмд ил гаргах нь чухал. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна.