УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав нар мөн Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийлээ.
М.Оюунчимэг:
- Өнгөрсөн 2017, 2018 оноос эхлээд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр удаа дараа асуулга тавьж, шаардлагатай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэх чиглэлд бид анхаарч, шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Уг нь манайд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд хэрэгжиж байна. Гэвч хүүхэд хамгаалахтай холбоотой ажлууд, хуулиуд уялдаа холбоо байхгүй, санхүүжилт хомс, боловсон хүчин дутмаг, хууль хэрэгжүүлэх баг байхгүй зэргээс үүдээд хүүхэд хамгаалалын ажил төдийлөн үр дүнд хүргэхгүй байна.
Тиймээс бид асуудалд нухацтай хандаж хүүхэд хамгаалахтай холбоотой төсөв нэг тэрбум байсныг 2017 онд 5,6 тэрбум, 2018 онд 6,5 тэрбум болгож нэмэгдүүлсэн. 2019 онд бүр 8 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлж чадсан.
Гэвч мөн л энэ мөнгийг үр дүнтэй зарцуулахад учир дутагдалтай, уялдаа холбоогүй байна гэдэг судалгаа гарсан. Тиймээс асуулга тавьж, шаардлага хүргүүлсний үндсэн дээр ЦЕГ-т Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг нээгдэн ажиллаж байна. Мөн хүүхэд хамгаалах түр байр, дуудлагын 108 утас ч ажиллаж эхэлсэн. Гэвч үр дүн төдийлөн гарахгүй байгаа нь хууль хэрэгжиж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс бид нээлттэй сонсгол явуулах уриалга гаргаж байна.
Ц.Гарамжав:
- 1997 онд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль гарсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, маш олон зүйлд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Тиймээс С.Бямбацогт тэргүүтэй бидний хэсэг гишүүд хамтраад энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Уг хуулинд, сургуулийн орчинд, цахим орчинд, нийтийн эзэмшлийн газарт, гэр бүлийн орчинд нь хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг тусгаж өгсөн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль, хүчин, цагдаагийн байгууллагын хийх ажил бус нийт ард иргэдийн, ААН-үүдийн , үйлчилгээнйи нэгж байгуулагуудын ажил болгох, тэднийг урамшуулдаг байх санаачилгыг уг хуулинд тусгаж өгч байна.