АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Хятадын Засгийн газар, цэргийн тагнуулууд нууц технологи хулгайлж зэвсэг техникээ сайжруулж байна хэмээн буруутгалаа. Мөн дэлхий даяар цэргийн бааз байгуулж хүч нөлөөгөө улам бүр тэлсээр байна гэж Пентагон мэдэгдсэн юм.
Хятадын дарга Си Зиньпин Бүс ба Зам төслийг хэрэгжүүлэн үүгээр дамжуулж цэрэг армиа хүчирхэгжүүлж олон улсын тавцанд нөлөө бүхий шийдвэр гаргаж болохын тулд Ойрхи Дорнод, Пакистан, Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун эргийн орнуудад цэргийн бааз барьж байна гэж Америкийн Засгийн газар үзэв. Бүс ба Зам санаачилгыг их гүрнүүд Хятадын геополитикийн зэвсэг хэмээн харж хурцаар шүүмжлээд байгаа юм.
Пентагоны зүгээс Хятад арктикийн бүсэд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, цэрэг армиа илгээх болсон гэдгийг анхаарууллаа. Цөмийн дайралтын эсрэг далайд шумбагч хөлгүүдээ арктикт илгээсэн ба Хятадын ашиг сонирхол Грийнлэнд рүү чиглэсэнд Дани улс сэтгэл зовниж байна гэж нэмж мэдээлэв. Грийнлэндэд хиймэл дагуул газардуулах станц, шинэ үеийн нисэх буудлууд, уул уурхай, судалгааны төвүүдээ барих саналыг Бээжингийн зүгээс дэвшүүлсэн байна.
Дэлхийн тавцанд хүч нөлөөгөө нэмж агуу гүрэн болохын тулд Хятадын засгийн газар гадны цэргийн арга барил, дотоод нууцыг хакердаж байгаа гэж Вашингтон буруутгасаар ирсэн. Цэргийн тагнан турших үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулах, бараа бүтээгдэхүүн импортлох, судалгааны төвүүд байгуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хулгай хийж байна гэж үздэг.
Нөгөө талаар Бээжин цэргийн дэвшилтэт технологи бүхий зэвсгүүдээр армиа цэнэглэж байна. 2018 онд Шинконг-2 дуунаас хурдан тээврийн хэрэгслүүдээ амжилттай туршсан ба Батлан хамгаалах сабарын төсвөө нэмэгдүүлэх гэж байгаа тухай Пентагон мэдээлэв.
Хятадын Батлан хамгаалахын төсөв ойрын 10 жилд хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна.
Үүний ихэнх нь тэнгисийн цэргийн хөлөг онгоц, шумбагч, тусгай технологийн зэр зэвсэгт зарцуулагдана гэж үзжээ. 2020 онд 65-70 орчим шумбагч хөлгийг шинээр ашиглалтад оруулна хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: www.thegardian.com, www.cnn.com