Умард Солонгосын агуу удирдагч агсан Ким Чен Ирийн том хүү, залуу удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам 2017 онд Куала Лумпурын нисэх буудалд хордож амиа алдсан. Уг хэрэгт холбогдуулан Индонези, Вьетнамын иргэн хоёр эмэгтэйг баривчлан саатуулаад байсан юм.
Хэрэгт сэжиглэгдэж байсан индонези эмэгтэй Сити Айсяг энэ оны гуравдугаар сард сулласан бол Малайзын шүүх энэ удаад вьетнам эмэгтэй Доан Ти Хуонгийг гэм буруугүй гэж үзлээ. Хэрэгт сэжиглэгдэж байсан эмэгтэйчүүд телевизийн дэггүй бичлэгт орж байгаагаа мэдсэнээс хүний амийг хороох сэдэлгүй байсан ба Умард Солонгостой холбоотой хэргийн хохирогчид болж хэлмэгдсэн гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм.
Ким Жон Намыг 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала Лумпураас Макао нисэх гэж байхад нь хоёр эмэгтэй ирж нүүрэнд нь гараараа хүрснийг хяналтын камерт бичсэн байдаг. Үүний дараахан Кимийн бие муудаж эмнэлэгт хүргэгдэн агент VX химийн хорт бодисд хордсон болох нь тогтоогдсон юм.
Умард Солонгосын Засгийн газар аллагын гэмт хэрэгт холбогдолгүй болохоо мэдэгдсэн ч хэрэг гарсан өдөр тус улсын дөрвөн иргэн Малайзаас явжээ. Тэднийг интерполоор онц аюултай гэмт этгээдүүдэд багтаан эрэн сурвалжилсан.
Ким Жон Нам нь Ким Жон Уны эцэг нэг, эх ондоо ах нь байсан ч үргэлж гэр бүлээсээ хол хөндий байжээ. Ихэвчлэн Макао, Хятад, Сингапурт амьдардаг байсан юм. Умард Солонгос улсын ирээдүйн удирдагч гэж яригдаж байсан ч Ким Чен Ирийг таалал төгссөний дараа улсын эрх мэдэл түүний дүү Ким Жон Унд шилжсэн билээ.
Эх сурвалж: www.bbc.com