Х.Өлзийбаяр
Германд нацизм ид цэцэглэж байсан дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1000 гаруй еврей хүнийг өөрийн үйлдвэрт ажиллуулж байгаа нэрээр аварсан Германы бизнесмэн Оскар Шиндлерийн тухай дэлхий дахин мэднэ. Мөн дайны эхээр Литвад сууж байсан Японы консул Сугихара (Японы Шиндлер)-гийн тухай ч мэднэ. Өөр бас Чехээс 669 еврей хүүхдийг Их Британи руу гаргаж аварсан Николас Уинтоны тухай ч бас дуулсан байх. Нацистуудын хядлагаас еврейчүүдийг аварсан ийм буянтай хүмүүсийн нэг нь Польшийн сувилагч Ирена Сендлер. Тэр нацистуудын Варшавт байгуулсан еврейчүүдийн геттогоос 2500 хүүхдийг аварч гаргасан гавьяатан.
Ирена Сенлерова
Ирена Сендлер хэмээн нэршсэн Ирена Сендлерова 1910 оны хоёрдугаар сарын 15-нд Варшавт Польшийн католик шашинтны гэр бүлд төрж Отвоцк хотод өсчээ. Нацистууд Польшийг булаан эзлэх үед Сендлер Варшавт амьдарч байгаад эхний өдрөөс л еврейчүүдэд тусалж эхэлсэн байна. Урьд нь Отцовск, Тарчин хотуудын нийгмийг хамгааллын байгууллагад ажиллаж байсан тэрээр хамтрагчдынхаа тусламжтайгаар еврейчүүдэд туслахын тулд 3000 гаруй хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар эсэргүүцлийн “Зегота” нууц байгууллагатай нэгдсэн байна. Тэр цагт германчуудын үзэн яддаг гол дайсан болж байсан еврейчүүдэд тусална гэдэг илрэх л юм бол цаазын тавцанд өөрийгөө тавина гэсэн үг байлаа.
Гэсэн ч тэрээр нийгмийн хамгааллын ажилтан нэрээр нацистуудын Варшавт байгуулсан еврейчүүдийг тусгайлан хорьдог геттод нэвтрэх эрх олж авсан байна. Түүний гол үүрэг бол тэнд байгаа иргэдэд фашистуудын хамгийн их эмээж байсан халдварт өвчин ялангуяа гэдэсний халдвар гарсан эсэхийг хянаж байх явдал байжээ.
350 мянга гаруй хүнийг хаашаа ч гаргахгүйгээр хорьсон тэр газрын тухай Сендлер “Энэ бол жинхэнэ там байлаа. Хүмүүс хэдэн зуугаараа зүгээр гудамжинд үхэж байхад дэлхий дахин харсаар байсан ч таг дуугүй байлаа” гэж хожим нь хэлсэн байдаг.
Хүүхдүүдийг аварч эхэлсэн нь
Харин Ирена амь насаараа дэнчин тавьж хотын захиргаа, еврейн нийгэмлэг, буяны байгууллагын мөнгө ашиглан тусламжийн бүхэл бүтэн тогтолцоо бий болгосон байна. Тэр тийш орох эрхээ ашиглан еврейчүүдэд хоол хүнс, нүүрс, зайлшгүй шаардлагатай эд зүйл, эм хэрэгсэл нууцаар оруулж өгдөг байлаа. 1942 оны зунаас еврейчүүдийг тэндээс үхлийн лагериуд руу зөөж эхлэхэд Ирена цаг алдаж болохгүйг ойлгож хүүхдүүдийг тэндээс зөөж гаргаж эхэлсэн байна.
Тэр үндсэн ажил гэдэсний халдвар гарч байгаа эсэхийг шалгах нэрийнхээ дор багачуудыг чемодан, тэргэнцэр, эм хэрэгсэлтэй хайрцаг, нярай хүүхдийг цүнхэндээ хийн зөөж эхэлжээ. Бүр бяцхан хүүхдүүдэд унтуулах эм өгөөд эм хэрэгслийн дор хийж, түргэний машины багаж, ачаан дор нуун гаргаж байлаа. Түүний хамтрагч түргэний машины жолооч гэхэд л нохойгоо байнга кабиндаа авч явдаг геттогоос гарахад шалганы цэргүүд ирэхээр жолооч сэмээрхэн нохойныхоо сарвууг чангаар цохиж хуцуулан хүүхдийн амьсгаа, уйлах дууг дардаг байсан гэдэг. Чухам ингэж нохой хүртэл хүүхүүдийн амийг аврахад оролцдог байжээ.
Зарим эх сурвалжид Сендлерт гестапогийнхон ч тусалдаг байсан гэсэн байдаг. Фашистын хүнд суртал, авлигад идэгдсэн офицерууд гэсэн үг. Ирена Сендлер тийм хүмүүсийг олж “худалдан авч” чадсан байна. Тэрээр гаргасан хүүхдүүдээ тэр геттогийн ойролцоо байсан шүүхийн хуучин байшинд хүргэж тэндээс нь сүмүүд, асрах газар, айлуудад хуваарилдаг байжээ. Түүнд нийгмийн ажилтнууд, католик сүмийн гэлэнмаа Матильда Геттер нар тусалдаг байв.
Сендлер геттогийн байшингууд, орц, хонгилоор явж нуугдсан айлуудад очиж хүүхдээ өөрт нь өгөхийг хүсдэг байсан ч тэр нь амьд авч гарах ямар ч баталгаагүй байлаа, тэглээ ч эцсийн найдвар тул эцэг эхчүүд хүүхдээ амьд үлдээхийн тулд түүнд итгэж өгсөөр байжээ.
Сендлер аварч гаргасан хүүхдүүдийнхээ мэдээллийг нарийн тэмдэглэж шилэн саванд хийн найз бүсгүйнхээ цэцэрлэгт модон доор нууж байжээ. Чухам энд л Сендлерийн аварсан хүүхдүүдийн овог нэр, хаашаа илгээсэн, ямар айлд өргүүлсэн зэрэг нарийн мэдээлэл байсан нь дайны дараа эцэг эх нь эрж олоход тус болсон төдийгүй Сендлерийн гавьяаг тодруулахад тус болсон юм.
Энд нийт 6 сартайгаас эхлээд 15 нас хүртэлх 2500 хүүүхдийн нэр байгаа нь Германы алдарт Оскар Шиндлерийн аварсан хүнээс хоёр дахин их болж байна. Дайны дараа ч Сендлер ажлаа үргэлжлүүлж нэрсийн жагсаалтынхаа дагуу хүүхдүүдийг эцэг эхэд нь эргүүлэн өгөхөөр хөөцөлдсөн боловч ихэнхийнх нь ээж аав бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн байжээ. Жагсаалтад Сендлер эхлээд хүүхдийн жинхэнэ нэрийг бичээд, ард нь шинээр өгсөн нэрийг, хамгийн сүүлд хэнийд өгсөн шинэ хаягийг нь бичдэг байжээ.
Авлига өгч цаазын ялаас мултрав
Жижигхэн биетэй, дугариг царайтай энэ бүсгүйг фашистууд угаалгын газар ажилладаг байсан нэг нэргүй мэдээлэгчийн мэдүүлгээр 1943 оны аравдугаар сард баривчилжээ. Гестапо Ирена Сендлерээс “Зегота” нууц байгууллага яаж ажиллаж байгаа, тэдний ард хэн байгааг мэдэх гэж тамлан байцаасан байна. Түүний хөл гарыг хугалж буудан алахаар шийдсэн ч мөн л авлига өгч байж буудан алсан хэмээн хуурамч бичиг баримт үйлдээд арваннэгдүгээр сард суллажээ. Чухам хэдий мөнгөөр энэ гайхамшигт, хатан зоригт эмэгтэйн амийг аварсан талаар хаана ч тэмдэглээгүй өнгөрчээ. Юутай ч эмэгтэйг цаазалсангүй. Хөл гар нь хугархай Ирена Сендлерийг ойд хаясныг “Зегота”-гийн хүмүүс олж авсан байна. Түүний нэрийг өөрчлөн нууц байдалд хамгаалж байсан байна.
Дайны дараах нам гүмхэн даруухан амьдрал
Дайны дараа Ирена Сендлер Варшавт ганц өрөө байранд нам гүмхэн амьдарч байлаа.
Харин эцэг эх нь бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн хүүхдүүдийг өнчин хүүхдийг асрах газарт хуваарилж өгсөн байна. Дараа нь тэдний ихэнх нь Палестинаар дамжин Израильд очицгоосон гэдэг.
Польшид коммунист засаглал тогтсоны дараа Ирена Сендлерийг дайны үед Польшид тогтож байсан Засгийн газартай хамтран ажилласан хэмээн жирэмсэн байхад нь байцааж байсны улмаас 1949 онд хүүхдээ дутуу гаргахад хүрч байж. Сендлер 1950 он хүртэл Нийгмийн хамгааллын хэлтсийн даргын туслах, Варшавын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын зааварлагч, Эх баригчдын сургуулийн захирлын орлогч, хөдөлмөрийн сургуулийн захирал, шүдний техникчдийн сургуулийн захирлын орлогч зэрэг ажил хийж байгаад 1967 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан байна.
Коммунист дэглэм түүнийг улс төрийн шалтгаанаар Израиль руу зорчихыг хориглосоор байгаад Польшид улс төрийн дэглэм өөрчлөгдсөний дараа л сая нэг юм зөвшөөрөл өгсөн байна. 2006 онд Ирена Сендлерийг 96 настай байхад нь Польш болон Израилийн Засгийн газар хамтраад Нобелийн шагналд нэр дэвшүүлснээр сонин хэвлэлд түүний гавьяаг нийтэлж олны хүртээл болсон байна. Тэр жил Нобелийн энхтайвны шагналыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Альберт Гор хүртсэн юм. Гэхдээ одоо Альберт Горыг хүмүүс бараг дурсахгүй байхад фашизмын хар аюул дундаас эрсдэл бүхнийг даван туулж олон мянган хүүхдийн амийг аварсан энэ шавилхан эмэгтэйг хорвоо үргэлж дурссаар л байна.
1965 онд Израилийн Холокостын “Яд ва-Шем” музей Ирена Сендлерийг “Ард түмний энхийн элч”-ээр өргөмжилжээ. 2003 онд Польшийн төрийн дээд шагнал “Цагаан бүргэд” одонгоор шагнасан байна. 2007 онд түүнийг Олон улсын “Инээмсэглэл” одонгоор шагнажээ.