Украин Улсад он гарсаар 44 мянга орчим хүн улаан бурхан өвчний халдвар авсан талаар тус улсын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ. Энэ оны эхний таван сарын байдлаар 23 мянга гаруй хүүхэд, 20 мянга орчим том хүн улаан бурхан өвчнөөр өвчилсөн байна. Өвчний улмаас 16 хүн нас баржээ. Эмнэлгийн ажилтнуудын дунд ч улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгджээ. НҮБ-аас саяхан улаан бурхан өвчний тархалт хамгийн хурдацтай байгаа 10 улсын жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтыг Украин тэргүүлээд буй. Ерөнхийдөө Европын орнуудад улаан бурхан өвчний тархалт өндөр байгаа юм. Өнгөрсөн 2017 онд Европт улаан бурхны халдвар авсан хүний тоо өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байсан. Тус байгууллагын мэдэгдсэнээр, энэ халдварт өвчин тус бүс нутагт 21 мянга гаруй хүнд халдварласан байна.
Европт бүртгэгдсэн улаан бурхны халдварын 72 хувь нь буюу 15 мянган тохиолдол нь Румын, Итали, Украин гэсэн гурван улсад бүртгэгдээд буй. 15 улс, тэдгээрийн дотор Грек, Герман болон Сербид улаан бурхны халдвар авсан 100 гаруй тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдсэн байна. Мөн энэ онд ч гэсэн улаан бурхны халдвар газар авах хандлагатай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ. Улаан бурхан нь амьсгалын замаар, шүлсээр дамжин халдварладаг өвчин юм. Найтаалгах эсвэл ханиах үед энэ өвчний вирус агаарт маш хурдтай тархдаг бөгөөд халдвар авснаас хойш 10 хоногийн дараа бие дээгүүр улаан юм туурах, өндөр халуурах зэргээр анхны шинж тэмдгүүд илэрдэг. Халдвар авсан хүмүүс ерөнхийдөө гурван долоо хоногийн дотор эдгэрдэг боловч дархлаа сул, тураалтай хүүхдүүд энэ өвчин туссан тохиолдолд уушгины хатгаа тусч, хараагүй болох цаашилбал амь насаа алдах аюултай. Жил бүр дэлхийн хэмжээнд хоёр сая орчим хүн уг өвчний улмаас амиа алддаг байна.
https://www.popsci.com/measles-vaccination-rates-outbreak#page-3