Шри Ланк улс 2017 онд нэг тэрбум долларын өрийн золиосондоо өөрийн улсын томоохон усан боомтын нэг болох Хамбантота боомтыг БНХАУ-ын төрийн өмчит компаниудад алдсан байна. Африк тив дэх АНУ-ын цэргийн бааз байрладаг Жибути улс ч мөн адил өөрийн стратегийн өндөр ач холбогдол бүхий боомтуудын нэгийг Хятад улсад алдах болоод байгаа явдалд тухайн тив дэх цэргийн болон эдийн засгийн ашиг сонирхлоо алдахад хүрээд буй АНУ ихэд эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Хятадын хөрөнгө оруулалт нь Африкийн дэд бүтцийн асуудлыг шийдэх боломжтой ч арга барил нь өрийн дарамт бий болгож байгаагаас гадна тухайн тивийн ихэнх улсад шинээр ажлын байр ч бий болгохгүй байна. Хятад улс ойлгомжгүй бөгөөд авлигыг өөгшүүлсэн гэрээ хэлцэл, зээлийн үйл ажиллагаа явуулж улс орнуудыг өрөнд унагаж, тэдний оршин тогтнох, хөгжин дэвших эрхийг хязгаарлаж байна” хэмээн энэ оны 3 сард мэдэгдсэн байна.
Зээлийн хүүгээ төлөх чадваргүй жижиг эдийн засагтай орнуудын үр өгөөжгүй дэд бүтцийн төслүүдэд бага хүүтэй нэрийн дор олгодог энэхүү тогтолцоог шинжээчид “Өрийн хавхны бодлого” хэмээгээд байгаа юм.“Бүс ба зам” санаачилгыг өөрийн дэлхийн зах зээл, худалдааны тэргүүлэгч болох эрмэлзэл болон хөгжиж буй улс орнуудын зам тээврийн дэд бүтцээ хөгжүүлэх, санхүүжүүлэх хүсэлтэй уялдсан, оролцогч талуудад харилцан ашигтай санаачилга хэмээн Хятад улс тодорхойлсон байдаг.
Нөхцөл байдал хэдий тийм боловч Center for Global Development судалгааны байгууллагын хийсэн дүгнэлтээр “Бүс ба Зам” санаачилгын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаад буй Жибути, Киргизстан, Лаос, Мальдив, Монгол Улс, Монтенегро, Пакистан, болон Тажикстан гэсэн найман улс орнууд өрийн дарамтад илүүтэйгээр өртөх магадлалтай гэж үзсэн байна.
ДНБ-тэй харьцуулсан Нийт өр, 2016
“Бүс ба Зам” санаачилгад хамрагдсаны дараа
Судалгааны баг зээлийн үйл ажиллагаа нь тухайн улс орнуудын хөгжил дэвшилд хэрхэн нөлөөлөх талаар судлаагүй боловч өрийн улмаас үүссэн эдийн засгийн хямрал нь хөгжлийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг хязгаарлах хүчин зүйл болдгийг нотлох олон баримт байдаг. Ер нь Хятад улс ядуу орнуудтай хамтран ажиллаж буй олон улсын зээлдүүлэгчдийн шилдэг туршлагаас мөрддөггүйгээс гадна хэдийгээр зээлийн өрийг өршөөсөн тохиолдол байдаг боловч зарим тохиолдолд маргаантай газар нутаг болон дэд бүтцийг өрөндөө өгөхийг шаарддаг байна.
Зээлийг тэгш хүртээх үүднээс хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүддээ олон улс орныг хамруулах, зээлийн бодлогын стандартаа чангатгах, ил тод болгох хэрэгтэй үзэж байгаа бөгөөд үгүй бөгөөс дэд бүтцийн хэд хэдэн зээлийн саналаас Пакистан, Непал улсууд 2017 татгалзсан тохиолдол бусад улс орнуудад ч давтагдана гэж Center for Global Development судалгааны байгууллага үзсэн байна.
Ш.Анхзаяа
Эх сурвалж: QZ.com