СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-02

LIVE: Нийлс Хегевиш: Монголын сэтгүүлчид улсын дунджаас 245 мянгаар бага цалин авдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Өнөөдөр 11.00 цагаас Фридрих-Эбертийн сан, Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран Монголын сэтгүүлчдийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш “Өнөөдөр бид сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөлийн талаар ярилцах гэж байна. Монголын ардчиллыг хүчтэй байлгахын тулд хүчирхэг бөгөөд эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх ёстой. Сэтгүүлчдийн ёс зүйн талаар сүүлийн үед монголд ихээр ярьж байна. Гэвч сэтгүүлчдийн цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг ярихгүй байна. Сэтгүүлч хүн хөдөлмөрийн шударга харилцаатай, эрх зүйн хамгаалалт сайтай байх ёстой. Ажиллах цаг орчин нь хуулийн дагуу зохицуулагдсан, сэтгэл хангалуун цалинтай болсны дараа ёс зүйтэй сайн сэтгүүл зүйг ярих ёстой. Өнөөдөр Монголын сэтгүүлчид ямар нөхцөлд ажиллаж байгааг яръя. Фридрих-Эбертийн сангаас хамтран Монголын нийт сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөлийг харуулах судалгааг хийлгэх саналаа Хэвлэлийн хүрээлэнд тавьж судалгааг хийснээ та бүхэнд өргөн барьж байна. Энэ судалгааг хараад та бүхэн өөрсдийнхөө төлөө тэмцэх, үйлдвэрчний эвлэлтэй байх ёстой гэдгээ ярьж шийдэх байхаа” гэлээ.
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлье гэж хүсч байгаа бол нэн тэргүүнд сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэх сайжруулах ёстой. Европын сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх гэрээнээс цухас хүргэхэд “Европын сэтгүүлчид ажил хөдөлмөрийн нөхцөлөө дээшлүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хөдөлмөрийн гэрээ нь олон улсын хэм хэмжээнд тохирсон байх ёстой. Гэрээнд ажил амралтын цаг, ээлжийн амралтаа биеэр эдлэх зохицуулалт, аюулгүй байдал, нийгмийн даатгалаар хангуулах эрх, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, ажлын бус цагаар холбоо тасрах эрхтэй байдаг. Сэтгүүлч хүн өөрийнхөө бэлтгэсэн мэдээлэлд их хэмжээний өөрчлөлт засвар орсон байвал өөрийнхөө нэрээр хэвлүүлэхгүй байх эрхтэй” гэх мэт зүйл заалтуудтай байдаг. Судалгаа маань 6 бүлэг, 90 асуулттай анх удаа хийгдсэн маш том судалгаа байлаа” гэсэн юм.

Тус судалгааны үр дүнг судлаач Д.Пунсанцогвоо танилцууллаа.

Сэтгүүлчдийн дундаж цалин хөлс 664 мянга байгаа нь улсын дундажаас 245 мянгаар бага байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй ажиллагсдын 75 хувь нь сэтгүүлч, уран бүтээлчид байна. Нийтээр амрах өдрүүдэд сэтгүүлчид ажилласан хэрнээ амралтаа нөхөж биеэр эдлээгүй, тэр битгий хэл цалингаа ч нөхөж аваагүй байна. Сэтгүүлчдийн 23 хувь нь биеэр нийтийн амралтаа эдлээгүй байна.

Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил гарч буйтай холбогдуулан Монгол Улсад анх удаа сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бий болгосон гэдгээ энэ үеэр Монцамэ агентлагийн сэтгүүлч Б.Болд хэллээ. Тэрбээр бид бүхэн өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэх цаг болсон байна. Үүний тулд үйлдвэрчний эвлэлдээ идэвхтэй хамрагдаж гишүүнчлэлээр бүртгүүлэхийг уриаллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.