Майн баяр буюу тавдугаар сарын нэгний өдрийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр болгон дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Европын орнуудад үйлдвэрчний эвлэл, капиталист дэглэмийг эсэргүүцэгч олон арван мянган иргэн жагсаалд нэгдсэн байна. Гэвч жагсагчид хэв журам сахиулах цагдаа нартай мөргөлдсөнөөр хэд хэдэн газар үймээн самуун гарчээ.
Францын нийслэл Парис хотод шар хантаазтнууд хөдөлмөрчидтэй нэгдэн жагсаал хийсэн байна. Хотын гудамж талбайд 40,000 иргэн жагсаал хийсний дунд 2,000 гаруй баг зүүж, малгайтай цамц өмсөн зүсээ хувилгасан жагсагчид байжээ. Жагсагчид цагдаа нар луу чулуу, лонх шидэж 250 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Хэв журам сахиулах цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчидтай мөргөлджээ.
Мөргөлдөөний улмаас зарим метроны буудал, бизнесийн байгууллагууд үүд хаалгаа барихад хүрчээ. Францын үйлдвэрчний эвлэлүүд тавдугаар сарын 1-ний уламжлалт жагсаал эмх замбараагүй байдлаар үргэлжилсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.
ХБНГУ-ын нийслэл Берлин хотод улс төрийн зүүнтний үзлийг дэмжигч 20,000 жагсагч жагсаал хийсэн байна. Гэвч олон улсын хөдөлмөрчдийн өдрийн жагсаалд нэгдсэн иргэд цагдаа нартай мөргөлдсөнөөр мөн л эмх замбараагүй байдал газар авчээ.
Түүнчлэн Шведийн Готенбэрг, Данийн Копенхаген, Итали, Орос, Испани гэх мэт Европ тивийн орнуудад хөдөлмөрчдийн эрхийг хамгаалсан жагсаал Засгийн газрын эсрэг улс төрийн шинжтэй хөдөлгөөн болсон байна. Харин Грек улсад үйлдвэрчний эвлэлүүд 24 цагийн ажил хаялт зарлаж нийслэл Афин хотод галт тэрэг, трамвай, нийтийн автобус, усан онгоц иргэдэд үйлчлээгүй гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com