СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-02

Хачин хүн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ч.БАТСҮРЭН

Сэтгүүлч Ц.Дашдондов. Энэ нэрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх. Лав нялганасан, долигоносон, зусардсан болохгүйдэг. Яагаад вэ гэвэл Ц.Дашдондов дарга биш, том сангийн эзэн биш, нам дамнасан баяжигч хулгайч бүүр биш. Жирийн л нэг сэтгүүлч.

Хар нялхаасаа зовлон  Энэ нэрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх. Лав нялганасан, долигоносон, зусардсан болохгүйдэг. Яагаад вэ гэвэл Ц.Дашдондов дарга биш, том сангийн эзэн биш, нам дамнасан баяжигч хулгайч бүүр биш. Жирийн л нэг сэтгүүлч.

Хар нялхаасаа зовлон ү үзэж, ажил амьдралын бартаат замаар унаж босон зүтгэж, хатуужин, халуун чулуу долоож, өлсөхдөө өлсөж, цангахдаа цангаж өссөн, борог амьдралтай, бор хоолтой, борви бохисхийлгүй хөдөлж хөдөлмөрлөж өссөн нүүдэлч малчин заяа түүнийх. Тэгэхдээ малтай зууралдсан нь цөөн, малчин заяатай зууралдсан нь элбэг. Ийм нэгэн жаал хүү өсөж өндийн тэмцэж зүтгэсээр яваад монголын сэтгүүлзүйн манлайд тэгэхдээ бүр зүүний манлайд гарч ирээд зогсчихсон харагддаг.

* * *

Ц.Дашдондовын тухай бичихээр баахан бодов. Хамгийн гол нь гарчиг чухал.

Ажилсаг, шургуу, шударга, зарчимч, эрдэмтэй, итгэлтэй….. энэ олон үг бүгд мань эрд тохирно. Бас бусдын бичснийг сонирхов. Их зохиолч Л.Түдэв, Дашдондовыг элдэв сайн сайхан үгээр магтаж магтаж байгаад зан байдлын тухайд “Яхир” гэсэн тодорхойлолт хайрлажээ. Яхир уг нь сайхан үг. Хашир, туршлагатай, бялдууч биш, зусар зуйрган зангүй, төв шударга, гуйвж дайвахгүй, итгэл үнэмшил сайтай, хэнд ч хууртахгүй, бас худалдагдахгүй, эх оронч, элгэн халуун сэтгэлтэй зэрэг олон утга эл үгийн цаана буй. Бас адайр, ярдаг гэж түүнийг элдэвлэх нь бий. Энэ ч бас сайн чанар.

Харин Данигайн Давааням гавъяат “Уулын нөмөр” гэж тодорхойлжээ. Энэ бас оносон үг байна.

Манай нэртэй сурган хүмүүжүүлэгч Б.Бор багш шавь нартаа “Хэнхэг сэнтэг мандтугай, хэнэггүй гөлгөрүүд сөнөтүгэй” гэсэн лоозон шингээсэн байдаг. Энэ хэнхэг сэнтэгт ажилсаг шударга бүх хүн хамаарна.

Ингээд бодохлоор Ц.Дашдондов гэдэг сэтгүүлчийг ганц хоёр үгээр байтугай, ганц хоёр үгүүлбэрээр тодорхойлох боломжгүй аж.

Бид нэг тогооноос шөл ууж, гэмгүй сайхан нөхөрлөж шинээр уулзвал мэндүүтэй, шил дээр уулзвал сайнуутай явж ирсэн учраас бас сайн нөхрийнхөө хэд хэдэн бүтээлийг гарын үсэгтэй нь гардан авсанаа бодон бодон эл бичвэрийг зориглон тэрлэв.

Найз маань уурлах ч биз, ундууцах ч биз. Аль зүйлээс эмээж, алгын чинээ болох вэ. Эрдэм боловсролтой их зүйл уншиж ухаан нь задарсан, аливааг олон талаас тунгаах чадал, шөрмөс суусан нэгэн гэдгийг нэмэх нь илүүц.

Эмч, сэтгүүлч мэргэжилтэй, эвлэл пионерийн туршлагатай, ихэнх тохиолдолд дарга-сэтгүүлч явсан Дашдондов сүүлийн жилүүдэд даяг-сэтгүүлч болсон. Олон хэл үзэж, харьцуулж ухаарч, ухаж бодсоор хэд хэдэн янзын даяг (дүймэн, толь) зохиосон нь гайхавч баршгүй, гайхалтай сайхан бүтээл болсон. Хэлний мэргэжилтэй бидний хийж чадаагүйг зориглон барьж, зовлон бэрхийг даван туулж, ээлж халаагүй, эцэс төгсгөлгүй, эцэж цуцалгүй зүтгэж ирсэн эрдэм ухаан Дашдондовынх. Хэн ч маргахгүй, хэдэрлэж шүүмжлэх аргагүй сайхан бүтээл номун хөшөөгөө сүндэрлүүлсээр явна. Уулзах бүрт шинэ сэдэл сануулж ширхэг ухаан хайрладаг эрхэм нөхөр маань сэтгүүлч болонгуут улаан дипломоо өвөртөлсөөр “Үнэн” сонинд ирсэн байдаг. 1960-аад оны сүүлч үе. Дашдондов гэх багахан биетэй, туранхай залуугаар манай сонин бүл нэмсэн. Бас хэд хэдэн хэлтэст ажиллуулж, орчуулга хийлгэж, шандас шөрмөсий нь шалгасан байдаг. Тэр үед нам, засгийн төв хэвлэл- “Үнэн” сонин нэр хүндтэй барагтай хүнд хаалгаа нээдэггүй, хатуу чанд сахилга, хариуцлага мэдлэг шаардсан, дэг журам их, дээгүүр зиндааны байгууллага байсан юм. Дашдондов цөөвтөр жил ажиллаад “Пионерийн үнэн” сонины эрхлэгчээр дэвшээд алга болсон.

Энд нэг удаагийн орчуулгын тухай яриа хөөрөө болсныг санаж байна. А.Чойжилжав, С.Уртнасан, Д.Нямсүрэн гэх орос хэлэнд нэвтэрхий, олон нийтэд тодорсон гарамгай орчуулагч нар ид шижигнэж байсан ирмүүн үе. Залгаад Ц.Мөнхбаатар, Н.Шүр, Ц.Балдорж, Т.Баасансүрэн, Б.Ганболд гээд ир нь хурц, итгэл бэрх, ухаан саруул, унаган хэлтэй орчуулагч-сэтгүүлч язганаж байсан цаг. Бас Н.Шарав-Иш, Ц.Хасбаатар нарын луугарууд овойж байсан ертөнц.

Энэ үед Ц.Дашдондов, А.Чойжилжав гуай нар сонинд яаралтай гаргах нэгэн нийтлэлийн орчуулга дээр хамт ажилласан байдаг. Тэгээд А.Чойжилжав гуай:

-Би орос хэлийг Дашдондовоос илүү мэдэхгүй гэхэд дутуу баймааргүй санагдаад байх юм. Миний орчуулгыг бараг хуйгаар засчихаад маргаад болж өгөхгүй юм гэж учирлах, бахдан, бахархахын заагт үгүүлэн байсныг санаж байна. Ц.Дашдондов өөрийн гэсэн арга барилтай, оросоос монгол руу, монголоос орос руу орчуулах дадлага зөндөө хийчихсэн, хий нь гарчихсан “том” эр “Үнэн” сонины хамт олон дотор шууд шуугиулаад ороод ирснийг энэ мэтээр эргэн санахад сайхан байна.

Тэгэхлээр Ц.Дашдондов алив нэгэн ажилд яггүй чамбай, чадалтай, махруу… ер нь хачин хүн гэдэг нь ойлгомжтой. Хачин гэдэг үг олон утгатай. Үгсийн сангийн цөм утгаас гадна өөр үгтэй холбож хоршихоороо их олон өнгө аяс, янз ялтас илэрхийлнэ. Энэ олон утгаас би хачин гэдэг үгийг …хэн ч барж идэхгүй, хэнбугайд ч эзэмдүүлэхгүй, эр бяр, эрдэм жагссан эр гэдэг ойлголтоор бичиж байна. Тэгэхлээр сайхан үг. Бас хэн ч сонирхож унших гарчиг гэж бодов. Уншигч абугай таны ухааны мэлмийд мөргөе.

Ц.Дашдондовыг манайхан зожиг, адайр, яршигтай гэх нь бий. Тийм ч байх, үгүй ч байх. Гэвч зөв юманд адайрлаж ярдаглахгүй шууд дэмжинэ. Шулуухан хэлнэ. Харин буруу юманд бол ерөнхийлөгчийг ч гөвж л орхино. Гөвсөөр ч ирснийг мэднэ.

Гавъяат болсны нь дараа манай нэлээд нэртэй нэгэн нийтлэлч, ардчиллыг харааж зүхдэг өвгөнд гавъяат цол өгчихлөө гэсэн утгатай зүйл бичсэн. Тийм биш. Ц.Дашдондов буруу юм хийвэл ардчилал мардчилал хамаагүй, ард, коммунист ялгаагүй гөвж л орхино. Энэ бол ясны шударга зантайнх. Гуйвашгүй, долигонож долдогонохгүй, хатан чанар, чигч шугам түүнийх.

.

Ц.Дашдондовыг найз нөхөд ховортой, наргиа даргиа багатай гэлцэнэ. Тэгвэл наргивал ч наргина, даргивал ч даргина, доргивол ч доргино шүү. Харин тэр нь тоотой, цаг хугацаатай, уншиж бичих, ухаж бодох цаг завандаа илүү их хайртай. Бас хань ижилдээ, хүүхэд багачуулдаа элгэн халуун хайртай, өнөр бүлийн хүндтэй тэргүүн. Төрт ёсоо, нүүдэлчин монгол заяагаа, ахачлах, эгэчлэх ариун зан үйлээ хэнээр ч заалгахгүй нэгэн гэдгийг тэмдэглэе.

Дашдондовт ажил сайжруулах үүрэг дайгаад “Пионерийн үнэн” сонины эрхлэгчээр томилсон тэр жилүүдэд уг сонинд манай алдар суутай, төрийн шагналт нэгэн ажиллаж байв. Сайхь эр ажил, амралт гэж ялгахгүй архи олдвол хүртчихнэ. Гэвч одоогийн их хурлын эрхэм гишүүд шиг ажлаа таслаад алга болчихдоггүй нэгэн. Түүнийг архи уудгийг Ю.Цэдэнбал даргаас эхлээд цэвэрлэгч авгай хүртэл андахгүй. Харин Дашдондов энэ хүнтэй ажиллаж чадахгүйгээ дээд удирдлагууддаа хэлээд шууд зайлуулчихсан байдаг. Энэ үед тэр хүнийг хэн ч зэмлэж чадахгүй байсан цаг. Зөвхөн Ц.Дашдондовоор л хийлгэсэн удаатай. Үүнд нь хэн ч Дашдондовыг буруутгаагүй. Битүүхэн баяр хүргэсэн болов уу. Ийм л хачин хүн.

“Пионерийн үнэн”сонинд очсныхоо дараа надтай уулзаад “Сониндоо сайн хүн авмаар байна. Мэдэж байгаарай” гэж захисан юм. Тэгээд Төрийн ордонд хамгаалалтын албатай, ахлах ахлагч цолтой Д.Даваанямдаа энэ тухай дуулгасан юм. Дуулгахдаа хачин хүнтэй хэрхэн яаж харьцах тухай захихаас гадна, уул ноён нуруу нь итгэж болохоор сайн хүн шүү. Чи цэрэг цагдаагийн ёсоор сүр сар хийж болохгүй гэх зэргээр зааварлав. Надаас ийм мэдээ аваад Д.Давааням маань шууд цэрэг хувцастайгаа, сонин хэвлэлд гаргасан баахан шүлэг зохиолоо тэврээд тавиад хүрсэн байдаг юм.

Анх уулзахад Дашдондов:

-Манай сонинд ажил байна гэж та хаанас сонсов гэх зэргээр баахан хөрзгөр хандсан байдаг.

-“Үнэн” сонины Батсүрэнгээс сонссон гэж үнэнээ л хэлж. Би ч ингэж хэлээрэй гэсэн юм. Тэгтэл царай нь онхи өөрөөр хувирч, баахан юм асууж лавлаж байгаад, хэд хоногоос холбоо бариарай гэсэн шүү үг дайгаад гаргаж. Доошоо буугаад үүдний хувцасны өлгүүрээс хувцсаа авч байтал:

-Давааням гэж хүн байна уу? Дашдондов эрхлэгч ороод ир гэж байна гэж албаны жижүүр хэл дуулгаж гэнэ. Тэгээд эргээд дуудсан ёсоор нь ортол шууд л:

-Чамайг сониндоо авна аа. Чи ажлаасаа гарч чадах юм уу? гэж. Тэгэхэд нь Давааням “Тэр л хэцүү дээ. Чадахыг бодно оо” гэж. Ийм яриа болсны дараа ажил дээрээ эргээд иртэл Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Пүрэвдорж дуудаж гэнэ. Яваад ортол:

-Сая МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав гуай утасдаж байна. Чамайг ажилд авах гэнэ. Бид ажлаа бодвол явуулмааргүй байна. Харин зохиол бүтээл оролддог залуу хүн чиний ирээдүйг бодоод арга буюу зөвшөөрчихлөө гэжээ.

Д.Давааням сэтгүүлч болсон тухайгаа ийн дурссан байдаг.

Д.Даваанямыг сэтгүүлчээр хэдэн жил ажиллуулж байгаад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явуулснаар алдартай зохиолч болох алтан шар замд нь сүүн мялаалга болгож ийн өргөжээ.

Дашдондов үнэхээр хачин хүн шүү.

“Үнэн” сониныхон шогч шооч гэдэг нь хачин. Эрхлэгч нараа тарвага болгочихсон ч байх шиг, сансарт нисэх сэтгүүлч тодруулсан, Яргайтын зуслангийн доод өвдгийн барзан хад алт болсон тухай зэрэг олон зугаатай яриа хөөрөө хөвж л явах. Энэ тухай, тухайн үеийн ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гуайн 100 жилийн ойд зориулан гаргасан бүтээлд мэр сэр гарсан байна лээ. Харин Ц.Дашдондовтой холбоотой нэгэн онигоо байдаг юм. Тэр үед Дашдондов их туранхай. Намхавтар хүн, туранхай болохоор жижиг харагдана. Тэгээд таргалахын тулд пиво уухыг сониныхон зөвлөжээ. Нэлээд хугацааны дараа:

-Та нар худлаа хэлсэн байна. Би маш олон сар зөндөө пиво уулаа. Ер таргалах шинж алга гэсэн гэнэ. Тэгэхлээр нь:

-Чи ямар хэмжээгээр, яаж пиво уув гэхэд:

-Өдөрт гурван удаа хоолны халбагаар уусан гэж гэнэ.

Архи дарс сэнгэнүүлж асуудалд орчих гээд байдаг архаг сэтгүүлчтэй хамт олны дунд энэ талын ийм мэдлэгтэй хүн орж ирсэн нь бас нэг хачин явдал байсан бололтой. Энэ тухай Дашдондовт хэдэн жилийн өмнө хэлэхэд:

-Чи битгий завхарсан юм яриад бай гээд дүрсхийж билээ.

Ийм хөгжилтэй хөөртэй залуу насаа “Үнэн” сонины хамт олон дунд үджээ бид.

1990-ээд онд Ц.Дашдондов “Үнэн” сониндоо эгэж очоод “Дээд комиссын доод ажил”, “Баярын тухай гунигт бодол” зэрэг тухайн үеийн нойрмог ертөнцийг сэртхийлгэсэн олон нийтлэл зоригтой, золбоотой туурвиж байсан. Ийм эрч хүчтэй түүний оргилсон сэтгэлийг тэтгэж “Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбоо” байгуулж, манлайдаа сайхь эрийг залсан түүх бий.

Олны итгэл, ардчиллын буяныг даах цөөн хүний нэг бол Ц.Дашдондов мөн. Тийм учир уг албыг хоёргүй сэтгэлээр хашиж, Монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгахад мөнхийн гавъяа байгуулж, олон улсын сэтгүүлчдийн байгууллагад Монгол Улсаа төлөөлөн бишгүй зүтгэж, бие сэтгэлээ чилээж ирсэн хачин хүн.

Ц.Дашдондов олон сайхан эрдэм номын найз нөхөдтэй хүн аж. Хүнийг нөхрөөр нь жиш гэх үг бий. Миний мэдэхээс хэлшинжлэлч, алдарт багш Чой.Лувсанжав, академич, хэлний онолч Б.Чулуундорж нартай дотно сайхан харилцаж зохиол бүтээлээ редакторлуулсан байх юм. Чой.Лувсанжавын хувьд миний хайртай, түшиж явсан багш нарын минь нэг. Юм хийж бүтээх, эрдэм сурах гэсэн хүнд зав зайгаа харамгүй зориулж, ариун сургаалиа хайрлаж явдаг багш минь юм. Б.Чулуундорж бол зав зайгүй уншина, бодно, бичнэ. Хүнтэй уулзах байтугай мэндлэх завгүй явдаг нэгэн. Хэлний онолын сэтгэлгээгээр алдарт Ш.Лувсанвандан багшийн минь дараа орох эр. Бас их хачин зантай зожигдуу нэгэн. Тэгэхдээ эрдэм ном ярьсан хүнд бага сага зав гаргана. Онол түүх яривал дагсалдаж ч мэднэ, даварч ч магадгүй. Энэ талаараа Дашдондовтой тохирно. Хэдэн хэлээр уншдагийг нь мэдэхгүй. Ер нь яггүй нөхөр. Миний сайн найз учир би дэндүү сайн мэдэх юм. Ийм хүмүүстэй ходий явж иржээ, Дашдондов маань.

Ц.Дашдондов болбоос боловсрох мэдэх, таних тунгаах, бясалгахын их одонд төрсөн ариун дагшин Ганга нуурын усанд тольдож, Алтан овоондоо сүсэглэдэг ард түмний гайхам авъяаслаг хөвгүүний нэгэн билээ.

Алдарт Тоорой бандийн уурга суналзуулан агтас хуйлруулж явсан их тал нутагт шилбүүр унан шийгүүлж өссөн Ц.Дашдондов сэтгүүлчийн тухай энэ мэт олныг нурших нь илүүц ч юм шиг. Тов тодорхой хүн шүү дээ Дашдондов.

2019.5.2 Пүрэв 91 (6058)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.