Г.Отгонжаргал
МАН-ын Хяналтын ерөнхий хороо (ХЕХ)-ны дарга Д.Батбаатартай ярилцлаа.
-Өнгөрсөн оны наймдугаар сард МАН-ын ХЕХноос тогтоол гаргаж, намаас томилогдож сонгогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг чангатгаж эхэлсэн. Зарим албан тушаалтантай ч хариуцлага тооцлоо. Энэ ажил одоо хэр эрчтэй өрнөж байна вэ?
-Таны хэлсэн “Намын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгах тухай” МАН-ын ХЕХ-ны 16 дугаар тогтоол нь ерөнхийдөө нийгмийн захиалгаар гэж хэлж болохоор намын нийт гишүүдийн хүсэл шаардлагад тулгуурлаж гарсан шийдвэр юм. Өнгөрсөн оны зургадугаар сард Намын хяналтын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг хийж, тэдний санал бодлыг сонсоход нэг л зүйлд тухайлбал, намын гишүүдээс эхлээд удирдлагын сахилга хариуцлагыг чангатгахад онцлон төвлөрч байлаа.
Сүүлийн 20-оод жил бүх зүйл “найзан дундаа” явж, популизм гээч юм утга учраа алдлаа. Намын дүрэм хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй болж байна гэх агуулгатай санал, шүүмжлэл их гарч, дээр нь “60 тэрбум”ын, офшорын, авлигын гэх олон асуудлыг гишүүд хөндөж шүүмжилсэн. Тиймээс бид тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, намын доторх уур амьсгал зэргийг үнэлж дүгнээд дээрх тогтоолыг гаргасан юм. Үүний дагуу үйл ажиллагаа ч эрчимжиж, намын нэрээр улс төрийн болон төрийн өндөр албанд томилогдож сонгогдсон зарим хүнтэй хариуцлага тооцож эхэлснийг намын хамт олон, нийт иргэд эергээр хүлээж авсныг та бүхэн мэдэж байгаа.
Үүнээс хойш хуралдсан МАН-ын III Бага хурлаас намын дүрэмд өөрчлөлт оруулж, хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгоход анхаарсан. Үүгээр намын гишүүдэд хариуцлага тооцох хамгийн дээд хэлбэр болох тухайн гишүүнд намаас дэмжлэг үзүүлэхгүй байх, намаас гарсанд тооцох зэрэг асуудлыг ХЕХ шийдвэрлэж байхаар тогтоосон. Энэ шийдвэрийн нөлөөгөөр намын бүх шатны байгууллагад намын Их хурлаас дэвшүүлсэн зорилтын биелэлтийг хангах, намын дүрмийн шаардлагыг гүйцэлдүүлэх, өмнө дурьдсан намын Хяналтын Ерөнхий Хорооны тогтоолын хэрэгжилт зэрэг дээр ахиц дэвшил гарч байна.
-Танай хяналтын ерөнхий хороо “Цахим нам” хөтөлбөрийн хүрээнд цахим хяналтыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар арай дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-Мэдээллийн технологи манай иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед бид хяналтын ажлыг цахим хэлбэрт шилжүүлж байна. Ийм байдлаар хяналт шалгалт нарийсч, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлж эхэлсэн, дэвшил гарч байгаа.
МАН-ын XXVIII Их хурлаас нийгэмд шударга ёс тогтоох явдлыг гишүүдээсээ эхэлье, хариуцлага тооцъё, илүү чанга хатуу шаардлага тавьж ажиллая гэсэн зорилт тавьж, манай ХЕХ-ны дотоод бүтцэд Ёс зүйн хороог байгуулсан. Тиймээс бид намын дүрмийн шаардлагын хүрээнд гишүүдийн ёс зүйн асуудал, намын дүрмээр хүлээх үүргийн биелэлтэд хяналт тавьж, ажил үйлсийг нь дэмжиж байгаа юм л даа. Тэр нь намаас сонгогдож томилогдсон гишүүнийг дэмжиж ажиллах, намын эв нэгдлийг хангах, цөөнхөө хүндэтгэж олонхоор гаргасан шийдвэрийг даган биелүүлэх гэхчлэн цөөн хэдэн асуудал байдаг юм. Үүнд л ХЕХ болон Ёс зүйн хороо анхаарлаа хандуулж, цахим бүртгэлийн системийг ашиглаж тэдгээр асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрээ гаргаж ажиллах болж байгаа.
Сүүлийн 20-оод жил бүх зүйл “найзан дундаа” явж, популизм гээч юм утга учраа алдлаа. Намын дүрэм хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй болж байна гэх агуулгатай санал, шүүмжлэл их гарч, дээр нь “60 тэрбум”-ын, офшорын, авлигын гэх олон асуудлыг гишүүд хөндөж шүүмжилсэн. Тиймээс бид тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, намын доторх уур амьсгал зэргийг үнэлж дүгнээд дээрх тогтоолыг гаргасан юм. Үүний дагуу үйл ажиллагаа ч эрчимжиж, намын нэрээр улс төрийн болон төрийн өндөр албанд томилогдож сонгогдсон зарим хүнтэй хариуцлага тооцож эхэлснийг намын хамт олон, нийт иргэд эергээр хүлээж авсныг та бүхэн мэдэж байгаа.
-Энэ асуудлын хүрээнд та саяхан орон нутагт ажиллаад ирсэн. Намын ажил амьдрал аймаг, сумдад ямар түвшинд явж байна вэ?
-Жил гаруйхны дараа УИХ болон бусад шатны сонгууль болно. МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахын тулд намын байгууллага, нэгжүүд чармайн ажиллаж байна. Саяхан МАН-ын Удирдах Зөвлөлийн ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар болон миний бие, холбогдох албаны хүмүүстэй хамт Говь-Алтай, Завхан аймагт ажиллаад ирлээ. Намын анхан шатны байгууллагын ажилтай танилцаж, намын гишүүд дэмжигчидтэй уулзаж байхад анхаарч шийдэх хэд хэдэн асуудал ажиглагдсан. Дээрх хоёр аймгийн хувьд орон нутгийн намын байгууллагын болон өөрөө удирдах ёсны байгууллагын дарга нарын хоорондын үл ойлголцлоос шалтгаалан аймгийн намын хорооны гишүүд нь талцсан, сөргөлдсөн зэрэг ёс зүйн зөрчил илэрсэнийг таслан зогсоож, намын нэр хүндэд сэв суулгасан нэр бүхий албан тушаалтанд намын дүрмийн дагуу хатуу арга хэмжээ авч, намын нийт хамт олонд нь мэдээлж анхааруулсан. Орон нутагт гарч буй намын дүрэм илт зөрчсөн энэ мэт дутагдлыг ойрын хугацаанд МАН-ын удирдлагын түвшинд ярилцаж, нэг талд нь гаргах болно.
-Та Говь-Алтай, Завхан аймагт ажиллахдаа орон нутаг дахь намын байгууллагын удирдлагад ямар арга хэмжээ авсан бэ?
-Сонгуулийн жил ойртож байгаатай холбогдуулан аймаг, орон нутгийн намын байгууллагын ажил байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ авч байна. Цаашид бүх аймагт очино. Говь-Алтайн хувьд аймгийн Засаг даргад хариуцлага тооцсон намын байгууллагын шийдвэрийг дэмжлээ. Намын нэрээр Засаг даргын албанд очсон МАН-ын гишүүнд намын байгууллагынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй, идэвх санаачилга гаргаагүй гэх үндэслэлээр “намаас гарсанд тооцох” шийтгэл хүлээлгэсэн. Үүнийг бид дэмжиж, цаашид хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болж байна. Иймээс аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж таарна.
Завхан аймгийн МАН-ын даргыг ч ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Намын хамт олныг талцуулж, намын бодлогыг сөрж, өөрийнхөө нэрийг дэвшүүлдэг хувиа хичээж, довоо шарлуулсан зарчимгүй гишүүдэд намын байгууллагаас дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг албан ёсоор хэллээ. Бид цаашид гишүүдийнхээ ёс зүйн зөрчил, сахилга хариуцлагад онцгойлон анхаарна.
-Хөдөө орон нутагт байгаа намын анхан шатны байгууллага төдийгүй бүх түвшинд сахилга хариуцлагыг чангатгахын тулд цахим бүртгэлийн системийг ашиглан нийслэл, дүүргийн НАШБ, дарга нарын ажлыг дүгнэж байхаар болсон гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- МАН - ын цахим бүртгэлийн системд намын хяналт давхар орж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хуралдсан хурлаар нэг шийдвэр гаргасан нь намаас улс төрийн албан тушаалд томилогдож сонгогдсон гишүүдийн манлайллыг цахимаар бүртгэж дүгнэх болсон явдал юм. Энэ ажлыг намын Бага хурлын гишүүдээс эхэлж байгаа. ХЕХ-ноос гишүүдийн манлайллыг дүгнэх 12 зүйл бүхий 100 онооны шалгуур үзүүлэлтийг гаргасан. Түүнд намын дүрэмд заасан шаардлагаас гадна гишүүдийн идэвх оролцоо, аймаг орон нутагт хийж буй ажил гээд цөөнгүй асуудал бий. Үүнээс гадна МАН-ын дүрэмд намын гишүүдийг шилж сонгон шалгаруулж албан тушаалд томилох тухай заалт байдаг. Тэднийг сонгон шалгаруулахад ХЕХ-ны санал дүгнэлтийг заавал харгалзаж үзэх тухай дүрмийн заалтад өнгөрсөн долоо хоногт бид тайлбар гаргасан. Үүнийг намын хамт олонд хүргүүлж байгаа бөгөөд сахилга хариуцлага сайжрах, манлайлал өсөхөд тодорхой хөшүүрэг болно гэж үзэж байна. Энэ нь боловсон хүчний сонголт талдаа нэлээд чухал алхам болох учиртай.
-Танай хорооны дотоод бүтэц дэх Ёс зүйн хороо сүүлийн үед олон нийтийн анхаарал татсан хэрэг зөрчилд нэр нь холбогдсон МАН-ын гишүүдтэй хариуцлага тооцох, үүний тулд тэдэнтэй тулж уулзах ч юмуу судлах ажил хийх эрх мэдэл бий юү?
-Хууль хяналтын байгууллага тодорхой дүгнэлт гаргаагүй байхад бид түрүүлж дуугарах, аливаа шийдвэр гаргах эрх байхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар асуудлыг намын дүрмийн хүрээнд хянаад явж байна. Цаашдаа намын гишүүдийг ямар нэг зөрчилд оруулахгүйн тулд “ёс зүйн торгон хил хязгаарыг тогтоож” өгөх ёстой юм байна. ХЕХ энэ талаар нэлээд анхаарч “ёс зүйн торгон хил”-ийг давсан гишүүн хэн ч байсан цаашид намаас дэмжлэг авах, нийт гишүүд дэмжигчдийн итгэлийг хүлээх боломжгүй болж байгаа гэдгийг хатуу анхааруулж байгаа.
-Энэ хатуу чанга анхааруулгаас өмнө МАНын дотор нэр нөлөө бүхий зарим эрхмийг намаасаа хөөсөн нь танай ХЕХ-ны шийдвэр байв уу, намын удирдлагын түвшинд шийдсэн асуудал уу?
-Энэ нь цэвэр ХЕХ-ны шийдвэр байсан. Үүнд намын удирдлагын зүгээс зааж чиглүүлсэн зүйл байхгүй. ХЕХ гэдэг намын Их хурлаас МАН-ын удирдлагатай зэрэгцэн сонгогдож ажилладаг бүтэц юм. Тиймээс бид намын дүрмийн дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах боломжтой байдаг. Энд бас нэг зүйлийг тодотгоход, намын дүрэм ёсоор хариуцлага хүлээлгэдэг дээд хэлбэр нь “намаас гарсанд тооцох” явдал. Үүнийг бусад намынхан, иргэд ч зөвөөр ойлгодог баймаар юм. МАНын дүрэм нь Үндэн хуульд нийцүүлж боловсруулсан баримт бичиг гэж ойлгож болно. Учир нь, бид тухайн хүнийг үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр зөвхөн намын бодлого шийдвэртэй нийцэхгүй байна гэдэг үүднээс дэмжлэг үзүүлэхээ зогсоож, намаас гарсанд тооцдог. Алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээд ахин намдаа хүчээ өгөөд улс төрд явах нь нээлттэй. Энэ утгаараа МАН-ын дүрэмд гишүүнээ эгнээнээсээ шууд хөөх тухай заалт байдаггүй юм. Үүнийг ялгаж салгаж ойлгоосой гэж бодож байна.