Их Британи улс жилдээ хагас сая тн кофены шаар хаядаг бөгөөд үүнийг дахин боловсруулж био түлш үйлдвэрлэж эхэлжээ.
Бидний өдөр тутамд уудаг аяга кофе таны биед эрч хүч нэмдэг. Харин үүнийг эрчим хүчний жинхэнэ эх үүсвэр болгон ашиглаж болдог байна. Мод ноцоож, зуух халаах түлш, био дизель үйлдвэрлэх боломжтой ажээ.
Артур Кай 2012 онд оюутан байхдаа кофе шопын архитектурын ажлыг хийж байхдаа кофе шопоос ялгарч буй хаягдлыг дахин боловсруулах санаагаа олжээ. Кофены шаар ихэнхдээ шууд хөрсөнд хаягдаж хүлэмжийн хий, метаныг ихээр ялгаруулдаг.
Кай 2013 онд Bio-bean компаниа байгуулж кофеноос үлдсэн хаягдлыг түлшний эх үүсвэр болгохоор ажиллажээ. Зургаан жилийн турш хөдөлмөрлөсний эцэст Кай жилдээ 10,000 тн кофены хаягдал боловсруулж шахмал түлш үйлдвэрлэж ил гал болон зууханд мод ноцооход ашиглаж байна.
2016 онд Кофе Лог нэртэй анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэжээ. Нэг ширхгийг нь 25 аяга кофены шаараар хийдэг шахмал хавтан үйлдвэрлэсэн ба томоохон сүлжээ кафенууд үлдэгдлээ нийлүүлэх болсон байна. Удалгүй шилдэг ногоон технологийн шагнал авсан Bio-bean компани жижиг стартапууд хэрхэн инновацийн тоглоомын дүрмийг өөрчилж болдгийг харуулсан юм.
Bio-bean компанитай адил хэд хэдэн стартап компаниуд байгальд ээлтэй шинэ технологийг бизнес болгон хөгжүүлж байна. Жишээ нь Лондонд төвтэй Toast Ale нарийн боовны цех, сэндвич хийдэг газруудаас үлдсэн талхны хогийг ашиглан шар айраг исгэдэг аж. Мөн Нидерландын PeelPioneers компани цитрусын төрлийн жимсний хальсыг түүхий эд болгон ашиглаж био угаалгын нунтаг зэрэг олон төрлийн ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Эх сурвалж: www.theguardian.com