СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-01

Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөхөөр болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргажээ -

Тухайлбал, Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа, төсвийн урамшууллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулж байхаар болсон байна.  

Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.

2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.